ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“River castle” хотхоны барилгад ажиллаж байсан краны үйл ажиллагааг зогсоожээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-05-31

Өнөөдөр сошиал орчинд барилгын кран ямар ч хамгаалалтгүй иргэдийн зорчих хэсгийн дээгүүр ачаагаа тээвэрлэж, уг баригдаж буй барилгын доогуур хоёр сурагч охин явж буй зураг цацагдсан билээ. Тэрхүү барилга нь Сэлбэ голын баруун эрэгт баригдаж буй “River castle” хотхоны барилга бөгөөд аюулгүй ажиллагааны дүрмээ мөрдөөгүй, иргэдийг эрсдэлтэй нөхцөлд зорчуулж байсан зөрчил гаргасан.

Тэгвэл Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас энэ зургийн талаар тайлбар өгөхдөө “Уг барилга нь 20 давхар юм байна. 16-аас дээш давхарт НМХГ бус МХЕГ хяналт тавьдаг. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байцаагч нар ажиллаж байна” гэх мэдээллийг өгсөн билээ.

Улмаар, Мэргэжлийн хяналтын байцаагч нар барилгад шалгалт хийсэн бөгөөд иргэдийн дээрээс унах өндөр эрсдэлтэй байрлуулсан уг краны бичиг баримт барилгын талбайд байхгүй байсан учраас краны бичиг баримтыг шалгаж, зөрчил арилгах хүртэл краны үйл ажиллагааг зогсоожээ.

Хэдхэн өдрийн өмнө Хөвсгөл аймагт мөн шинээр баригдаж буй барилгын кран хазайж, ойр орчмын айлууд болон авто зам дээр унах эрсдэл үүсэж, хазайлт өгсөн бөгөөд үүний улмаас ойр орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлж, замыг нь хүртэл хааж байсан. Тэгэхээр урин дулааны улирал ирж, барилгын ажил эхэлсэн энэ цагт баригдаж буй барилгын хажуугаар иргэд зорчихдоо анхаарал болгоомжтой байж, энэ мэт эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байвал Нийслэлийн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэдэгдэж байхыг сануулъя.