Ерөнхийлөгч ажлаа авсан даруйдаа ард иргэдтэйгээ уулзаж, 21 аймаг, есөн дүүргээр уулзалт хийж явна. Ерөнхийлөгчийн хийх ажлын нэг нь иргэдтэйгээ уулзах, иргэдийнхээ хүсэл сонирхлыг төрийн бодлогын төвшинд хүргэх, төрийн бодлого, шийдвэрийг иргэддээ ойлгуулах гэж миний хувьд ойлгодог байлаа. Гэтэл буруу ойлгодог байжээ. Учир нь, саяхан Увс аймагт очиход нь Ю.Цэдэнбал даргын хөшөөнд цэцэг өргөсөнгүй гэж хэдэн нөхөр нийгмийн сүлжээнд баахан “бааллаа”.
Нээрээ тэдний зөв юм болов уу. Юмыг яаж мэдэх вэ. Манай Үндсэн хуульд Ерөнхийлөгч иргэдтэйгээ уулзахаас урьтаад хөшөөнд цэцэг өргөнө гэдэг заалт байдаг ч юм билүү, хэн мэдлээ. Тэгвэл Дорнодод очихдоо иргэдтэйгээ уулзахаас урьтаад Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөх ёстой байж. За тэгээд Хөвсгөлд Чингүнжавын хөшөөнд, Өвөрхангайд Т.Намнансүрэнгийн хөшөөнд гэх мэтээр зөвхөн цэцэг өргөх гэж явах ёстой. Нэгэнт “эцэг өвгөд”-өө хүндлэх ёстой юм чинь Баянхонгор аймагт байдаг динозаврын хөшөөнд ч цэцэг өргөхөд буруудахгүй.
Хүй нэгдлээс өмнө хорвоо дэлхийд байсан нь үнэн юм чинь хүндлэхэд гэмгүй. Цаашлаад сум орвол, сум бүрт бий морь, хонь, тэмээ, ямаа, үхэр, тахиа, нохой, гахай, шувуу, трактор, комбайны хөшөөнд цэцэг өргөх шаардлагатай. Бусад аймгийнхан ч Ерөнхийлөгчийг очиход манай аймгийн энэ хөшөөнд цэцэг өргөсөнгүй гэж шүүмжилдэггүй ямар дүүрчихсэн нөхөд вэ, ер нь. Харин манай увсынхан яах аргагүй зөв санал дэвшүүлсэн байна. Бүхэл бүтэн Увсаас төрсөн, төр барьж байсан хүний хөшөө ханхайгаад байж байхад цэцэг өргөчихдөггүй, яачихсан Ерөнхийлөгч байсан юм. Яаж ч бодсон өмнө нь төр барьж байсан хүнээ хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. За тэр ч яах вэ. Өөр зүйл рүү халихад Ю.Цэдэнбал дарга маань төр барьж байхдаа Чингис хааныхаа хөшөөнд цэцэг өргөж байсан байлгүй дээ, бодвол.