Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим аймгийн наадмын тов тогтоох тухай асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, "Улсын их баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл бүх аймаг долдугаар сарын 11, 12, 13-нд баяр наадмаа тэмдэглэнэ.
Тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь гэсэн таван аймаг долдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэр гарлаа. Ингэхдээ бүсийн уралдаанаа нэгтгэх нь нэгтгэж, бас тусдаа хийж болно. Тэгш ойгоо тэмдэглэх аймгууд долдугаар сарын 22-24, 30-ны хооронд аймаг орон нутагтаа ойгоо тэмдэглэх Засгийн газрын тогтоол гарч байгаа аж. Шадар сайд энэ талаар хэлэхдээ "Уяачид, наадамчдын зүгээс ирүүлсэн саналыг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргалаа. Улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хуваарь гарсан. Соёлын яамнаас удахгүй танилцуулах байх.
Цар тахал гээд хоёр жил бид ойгоо тэмдэглэж чадсангүй. Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2,230, 2,231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой гээд давхацсан ойнуудыг долдугаар сардаа тэмдэглэнэ. Наймдугаар сард аялал жуулчлалаа сурталчлах, үндэсний өв соёлоо таниулах наадмууд болно. Иргэд хоёр жил гаруй баяр наадам тэмдэглээгүйгээс стресс бухимдал ихтэй байгаа. Үүнийгээ сайхан гадагшлуулаарай. Төрийн ёслол хүндэтгэлийн тоглолт Төв талбайд болно. Баяр наадмын нээлт хаалт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Морь сур бэлтгэл ажилдаа орсон. Мөн Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах асуудал УИХ-аар тун удахгүй батлагдах байх. Уяач нарын санал зөрөлдөж байгаа учраас асуудлыг ойлголцож ажиллана. Бөх дээр ч зохицуулалт хийгдэж явна" гэлээ. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах төсөвт 2.3 тэрбумыг төсөвлөжээ. Үүнээс гадна иргэдийн ирж очих бүх зам эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс, ундаа зарах зэрэг асуудлыг шийдэхээр ярьж байна гэлээ.