ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Түвшинбаяр: Насан туршдаа найзынхаа гэр бүлд тус дэм болж зүтгэхээ мэдэгдэе

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-06-09

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын хошой медальт Н.Түвшинбаярыг Улсын начин Э.Энхбатын амь насанд халдсан санаатай халдсан гэх шүүх хурал хоёрдахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар түр завсарлалаа. Шүүх хурал олон нийтэд нээлттэй болсон бөгөөд хоёр талын өмгөөлөгч бүх нотлох баримт, хэрэгт авагдсан баримт материалуудыг танилцуулав.

Шүүгдэгч Н.Түвшинбаярын тухайд амь хохирогчийн эмчилгээний зардал болон нөхөн төлбөрөөс гадна хоёр үл хөдлөх хөрөнгө өгч буйгаа мэдэгдсэн бол талийгаачийн эхнэрийн өмгөөлөгч нь энэхүү үл хөдлөх гэдэг нь 180 сая төгрөгөөр үнэлэгдсэн хоёр үл хөдлөх хөрөнгө гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, нэгийг нь 90 сая төгрөгөөр үнэлсэн хоёр дэлгүүрийн лангуу аж. Харин шүүгчдэгчээс тэд амь хохирогчийн гурван хүүхдийг насанд хүртэл нь сургалтын төлбөр төлүүлэх хүсэлтээ байгаагаа илэрхийллээ.

Хуралдааны төгсгөлд шүүгчдэгч Н.Түвшинбаярыг эцсийн үгээ хэлэхийг шүүгч хүсэв. Н.Түвшинбаяр хэлэхдээ “Би гэмт буруугаа ойлгож байгаа. Насан туршдаа найзынхаа гэр бүлд тус дэм болохоор зүтгэхээ мэдэгдэе. Бүгдээс нь чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Энэ бүгдэд би л буруутай. Миний найзыг дэмждэг байсан бүх хүнээс уучлалт хүсэж байна. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ойлгож байгаа. Эрхэм шүүгчээс өмгөөлөгчийн хүссэн хуулийн дагуу шийтгэж өгөхийг хүсч байна. Миний амжилт бүрийн ард найз минь байсан. Найзынхаа аминд хүрнэ гэж огт бодоогүй. Талийгаач найзынхаа аав ээж, ах дүү, хань үр хүүхдээс нь уучлалт хүсэж байна. Намайг дэмжиж байсан Монголын ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Ханиасаа, аав ээжээсээ уучлалт хүсэж байна” хэмээн уйлав.

Харин амь хохирогчийн эхнэр Б.Нандинцэцэг “Түргэн тусламж цаг алдахгүй дуудсан бол амиа алдахгүй ч байх байсан юм бил үү. Гэм буруутай гэж үзэж байна” хэмээлээ. Мөн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон иргэдийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ч түүнийг гэм буруутай гэж үзжээ.Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.