Хэдэн жил бороо хүссэн монголчуудын хүслийг хурмаст тэнгэр сонссон бололтой. Энэ жил бага зэрэг оройтсон ч үүл гараад л бороо орж байна. Энд тэндгүй л үер ус буугаад байгаа. Ёстой л хүссэн юм хүзүү орооно гэдэг болж, бороо ч нэг шаагиж байна аа. Нэг гэм нь борооны улмаас эвдрээгүй зам энэ улсад бараг л үлдсэнгүй. Япончууд нууц технологиор “Нарны зам”-ыг барьсан тулдаа л нэг тэсэж байх шиг байна. Манайхны тавьсан замууд нэг шөнийн бороонд тэр чигээрээ урсаад алга болчихлоо. Хот хоорондын замууд суурьтайгаа урсаад явчихаж байна.
Бүр төмөр зам хүртэл урсч, галт тэрэг осолдов. Харин манай замын салбарынхан, удирдлагууд, сайд, дарга нар нь бороонд буруу өгч, мэддэг бүх хараалаа урсгаж сууна. Аргагүй дээ, борооноос болж байдгаа барж байж олж авсан суудлаа алдаж байгаа хойно. Зарим хүмүүс ч бороонд буруу өгч, зам барьдаг хүмүүс, тендер цавчдаг дарга нараа өмөөрөх шинжтэй. Харин ч их бороо орж байгаад баярлах хэрэгтэй. Болдог бол “бороо тандаа баярлалаа” гэж очиж мөргөмөөр байна. Тендерээ цавчаад, замаа нимгэлээд, нарийсгээд “идчихдэг” нөхдүүдийн бөгсөн дээр нь бүлээн жин тавьж, хэдхэн минутын ширүүн бороонд урсдаг замтай улс гэдгийг харуулж өгсөнд нь баярлах хэрэгтэй. Цаашид ч гэсэн бороо үргэлжлээд ороод байгаасай. Нэг мөр бүх зүйлийн чанарыг шалгачих хэрэгтэй. Түүний дараа дарга нар хоногийн бороонд урсчихгүй зам тавих ухаан суух байлгүй дээ.