Үндэсний цахим шуудангийн систем нээгдэж байгаа асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. 16-аас дээш настай хүмүүс И-Монголиагаар дамжуулж цахим хаягтай болно.
Үндэсний цахим шуудангийн системийн давуу тал нь иргэн төртэйгөө, төр нь иргэнтэйгээ шууд харьцах боломжтой болох юм.
Жишээлбэл, одоогоор 61 мянган хүний гадаад паспортын хугацаа дууссан байна. Эдгээр иргэнд таны гадаад паспортын хугацаа дууссан байна гэх мэдээллийг и-мэйлээр илгээнэ хэмээн Цахим хөгжлийн яамны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Тэрбээр, "Өнөөдрийн байдлаар ухаалаг утастай 3.8 сая иргэн байгаагаас 1.5 сая иргэн И монголиа системийг ашигладаг. Иргэний үнэмлэхний хугацаа нь дуусаж буй 4950 иргэнд мөн мэйлээр мэдээлэл очно гэсэн үг. Даргын аль нэг яам тамгын үүд сахих бус мэйлээр мэдээллээ явуулахад төрийн бүх байгууллага мэдээллийг чинь аваад хариу өгдөг тогтолцоо юм.
И монголиа аппликейшнд төрийн 600 гаруй үйлчилгээ орсон. Сум орон нутгийн үйлчилгээг ч нэвтрүүлснэ. Цахим системийг ашиглан өчигдөрхөн бид 80 гаруй мянган хүүхдийн мэдээллийг бүртгэлээ. Сургуулийн бүртгэлийг мөн цахимаар хийнэ. Татварын өрийн асуудлыг мөн цахимаар мэдэгдэнэ. Хувь иргэний мэдээллийг өөрт нь мэдэгдэхгүйгээр ашиглахыг хориглосон.
Хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг аль нэг төрийн байгууллага ашигласан байх юм бол таны энэ мэдээллийг энэ байгууллага ашиглажээ гэдгийг цахим хаягаар мэдэгдэнэ" гэлээ. Үүнээс гадна тоон гарын үсгээ авсан тохиолдолд банкинд очиж зээлийн гэрээ хийхгүй байх боломж нээгдэх бөгөөд 300 гаруй мянган иргэн тоон гарын үсгээ авчээ.