Барилгын ажил гүйцэтгэж байсан гурван иргэн 10000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсний улмаас амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, "Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 35 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна" гэсэн дуудлага өчигдөр 18:59 цагт Онцгой байдлын газарт ирсэн аж.
Дуудлагаар дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Ш-ийн “Фусо” загварын крантай ачааны автомашин шатаж байжээ.
Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр 50х80 метрийн хэмжээтэй барилгын суурийн ажил гүйцэтгэж байх явцад краны сум нь 10000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсэний улмаас Ш /58 настай, эрэгтэй/, хамт ажиллаж байсан иргэн Б /57 настай, эрэгтэй/, иргэн Ч /37 настай, эрэгтэй/ нар хүчдэлд цохиулж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн бөгөөд хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Иргэд та бүхэн урин дулааны улиралд барилгын ажил хийхдээ хөдөлмөр хамгааллын дүрмээ баримталж, аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг албаны хүмүүс санууллаа.