ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХХЕГ: Осолд орсон цэргүүд өөрийн хүсэлтээр цэргийн албаа өнжиж болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-10-18

Шинээр татагдсан цэрэг тээвэрлэж явсан автомашин Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд осолдсон талаарх мэдээлэл өнөөдөр өглөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан билээ. Тэгвэл энэ талаар Хил хамгаалах газраас албан ёсоор мэдээлэл өглөө.

Цэргүүдийг Хэнтий аймгаас татаж, Дорнод аймаг руу тээвэрлэж байсан бөгөөд машины рулийн аппарат хагарснаас уг осол гарчээ. Ослын улмаас хоёр цэрэг зөөлөн эдийн гэмтэл авч, хариуцаж явсан ахлагч нь толгойндоо оёдол тавиулжээ.

Ослын нөхцөл шалтгааныг өдгөө шалгаж байгаа бөгөөд бүрэн бус тээврийн хэрэгсэл яагаад ашигласан асуудлыг шалгаж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгээ ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн мэдэгджээ.

Тэрбээр, “Осолд орсон цэргүүдийн биеийн байдал хэвийн байгаа ч сэтгэл санааны шоконд орсон байж магадгүй. Тиймээс бид энэ жилдээ цэргийн алба хаахгүй өнжинө гэсэн цэргүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ. Цэргүүдийн ар гэрийнхэн мөн эмнэлэгт ирсэн. Тээврийн хэрэгсэл хүрэлцээгүйгээс тээвэрлэгч компанитай харилцан тохиролцож, орон нутгийн тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа. Яагаад бүрэн бус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оруулсныг шалгана. Машин 40 км/ цагийн хурдтай явж байсан юм билээ” хэмээжээ. Зам тээврийн ослын урхаг нь зургаан сараас хойш илэрдэг гэж үздэг учраас энэ жилдээ цэргийн алба өнжинө гэсэн хүсэлт гаргасан бол газар дээр нь шийдвэрлэж байгаа аж. Автомашинд 17 шинэ цэрэг, хоёр ахлагч, нэг офицер зорчиж явжээ. 

Харин Түмэнцогт сумын эмнэлгийн дарга мэдээлэл өгөхдөө "Нэг цэргийн эгэм хугарч, хоёр цэргийн хүзүү гэмтсэн учраас бэхэлгээ хийсэн" хэмээн мэдэгджээ. Хил хамгаалах газар арьсаа хамгаалан зөөлөн эдийн гэмтэл хэмээж байхад мэргэжлийн эмч хүн арай өөр зүйлийг ярьсан байх аж. Тиймээс холбогдох яам нь ХХЕГ-ын удирдлагуудад хариуцлага ярина гэж найдъя.