ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэр муутай монгол

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-08-22

Монгол хүн гадны улсын хилээр нэвтэрвэл цүнх савыг нь онгойлгоно, өөрийг нь нэгжинэ, элдэв бусын зүйл асууж шалгаана. Япон хүн гадны хилээр нэвтэрвэл уриалгахнаар мэндэлнэ. Сайн яваарай гэж ерөөнө. Монгол хүн гадаадад буудалд буувал буудлын эзэн буудалдаа буулгах уу, яах вэ гэж бодно. Буулгачихвал юуг маань эвдчих бол гэж давхар хардана. Япон хүн байвал манай буудалд буугаасай хэмээн горьдоно. Буувал үнээ хямдруулъя гэж гуйна. Монгол хүн дэлгүүрт орвол манай дэлгүүрээс юу хулгайлчих бол гэж санана.

Япон хүн дэлгүүр орвол манай дэлгүүрээс юу худалдаж авах бол гэж сонжино. Монгол хүн алт зүүгээд, брэнд өмссөн байвал улс нь ядуу байхад энэ нэг юм гангалаад хаа хүрэх вэ дээ хэмээн муулна. Япон хүн алт зүүгээд, брэндийн хувцас өмсвөл аргагүй дээ баян орны иргэн эдлэхээс яах билээ гэж ярина. Монгол хүн унтаж байвал эд нар ийм юм чинь улс нь ядуу байхаас яах вэ дээ хэмээн ад үзнэ. Япон хүн унтаж байвал тэд их ажилладаг ядраа байлгүй дээ хэмээн бодно. Монгол дарга ёс зүйн хариуцлага хүлээвэл эдэнд ийм зүйл угаасаа байхгүй гэж шоололдон инээнэ. Япон дарга ёс зүйн хариуцлага хүлээвэл эд ийм л хүмүүс хэмээн нийтээрээ шагшин магтана. Монголын ардчиллыг дүр эсгэсэн хэмээн шоолно. Япон ардчиллыг өөрийн онцлогтой, жишиг ардчилал хэмээн магтана. Эцэст нь хэлэхэд, бидний сүүлийн 30 жилд бүтээсэн дүр бол ердөө л энэ. Харин япончуудын сүүлийн 100 жилд бий болгосон нэр хүнд нь тэр.