Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын шинэ машинуудын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Д.Бат-Эрдэнэ: Хамгийн боломжит үнээр оруулж ирсэн
Зам, талбайн цэвэрлэгээний машины сонгон шалгаруулалтад шалгарч, худалдан авалт, тээвэрлэлтийг хариуцан гүйцэтгэсэн “Батсээр” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Шинээр оруулж ирсэн зам, талбайн цэвэрлэгээний машины талаар танилцуулахгүй юу?
-Зам, талбайн цэвэрлэгээний эдгээр машин нь БНХАУ-ын “Greenhub” маркийнх. Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ажиллахад нэн тохиромжтой. Бүхээг дотроо агааржуулагч, халаалттай тул өвөл, зуны улиралд дааруулахгүй, халууцахгүй.
Ашиглалтын хувьд ч давуу талууд бий. Машины урд талын хоёр шүүрээр явган хүний зам, талбай болон нуухны хог хаягдлыг шүүрдээд соруулж авдаг, усны хошуутай тул тоос шороо бужигнуулахгүй. Өвөлдөө дагтаршаагүй цас, хялмааг мөн шүүрдэн соруулж цэвэрлэнэ. Мөн хогийн саваа автоматаар буулгаж хог хаягдлаа асгах тул ажилчдын цаг завыг хэмнээд зогсохгүй, хөдөлмөрийг ч хөнгөвчилнө.
-Энэхүү машины үнэ 125 сая төгрөг. Худалдааны веб сайтууд дээрх адил төстэй машин хямд байна гэсэн мэдээлэл гарч байна. Энэ үнэ хэр үндэслэлтэй вэ?
-Хот тохижилтын үйлчилгээнд ашиглаж байгаа ийм машинуудыг 2019 онд 145 сая төгрөгөөр оруулж ирж байсан. Тэр үеэс хойш ачаа тээврийн төлбөр нэмэгдсэн. Тухайлбал, Эрээнээс Замын-Үүд хүртэлх тээврийн зардал хамгийн багаар бодоход найм дахин өссөн. Дээр нь нэг контейнэрт ийм гурван л машин багтана. Нөгөө талаас, БНХАУ-д дотоодын тээвэр зогссон, үйлдвэрүүд ажиллаагүй гээд давагдашгүй хүчин зүйл олон байлаа. Яг ийм үзүүлэлттэй, энэ машиныг одоогийн нөхцөлд 125 сая төгрөгөөр оруулж ирнэ гэдэг хамгийн боломжит үнэ. Машины сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, зарласан хугацаа, шалгуур зэрэг мэдээллийг https://www.tender.gov.mn/ веб сайтаас харж болно шүү дээ.
Түүнээс гадна “Алибаба” зэрэг худалдааны веб сайт дээр байгаа үнээр баримжаалан хямд гэж үзээд байгаа. Машины хүчин чадал, үзүүлэлт, чанар, зориулалт нь өөр, мөн нэг бүрийнх нь үнийг сонгоод харахад ч өөр, тээвэр, яриа хэлцэл гээд олон хүчин зүйл нь харьцуулах боломжгүй байдаг.
С.Батболд: Шинэ машинуудыг жилийн дөрвөн улиралд, олон зориулалтаар ашиглана
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батболд нар зам, талбайн цэвэрлэгээний машины үзүүлэлт, онцлогийн талаар “Одоо ашиглаж байгаа машинуудтай харьцуулахад хогийн сав нь 500 литр, усны сав нь 150 литрийн багтаамжтай болж нэмэгдсэн. Мөн хогийн савыг автоматаар буулган хог хаягдлаа асгадаг зэрэг давуу талтай болж сайжирсан байна. Жилийн дөрвөн улиралд зам, талбай болон нуухын цэвэрлэгээг хийх боломжтой. Яг манайх шиг газар цэвэрлэгээ, арчилгааны олон зориулалтаар ашиглах тоноглолтой, хүчин чадалтай” гэв.
М.Цэрэндондов: Хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хэмнэж байна
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч М.Цэрэндондов “Бид хариуцсан зам талбайнхаа нуухыг цэвэрлэхэд 2-3 цаг зарцуулдаг. Цаг агаар муудсан, цас орсон үед бүр ч илүү ачаалалтай ажиллана. Цэвэрлэгээнд энэ машиныг ашиглахад явган зам, нуухны цэвэрлэгээг маш их хөнгөвчилж, нэг өдөрт 6-8 хүний хийх ажлыг гүйцэтгэдэг. Тэгэхээр ажилчид, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөөд зогсохгүй цаг завыг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлж байна” хэмээлээ.