ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НАХЯ-ны байцаагч

O.Admin
2023-02-09

   Ажил хийвэл ам тосдох бус нам дагавал ам тосддог жишгийг шинэ нийгэмд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн МАН-ын залуусын нэг бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр. Тэрбээр, жирийн нэг хувийн сургуульд багшаар ажиллаж, ажлынхаа гарааг эхэлж байж.

Өдгөө харин УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга хүртлээ дэвшиж ажилласан төдийгүй цаашдаа ч олон албанд очих байх. Дэд сайд байхдаа салбарынхаа сайдтай муудалцаж, түүнийгээ олны өмнө ил гаргаж ирэхэд нь олон хүн түүнийг шударга, зарчимч гэж үнэлдэг байлаа. Гэсэн ч тэр нь шударгын бус популизмын, үнэнч зангийнх бус дарангуйллын суурь байсныг Хөгжлийн банкны сонсгол удирдсан энэ хэдэн өдрүүдэд бид хангалттай харав.

Тэр өөрийгөө хуучны НАХЯ-ны байцаагч гэдэгт итгэчихэж. УИХ-ын гишүүний туслах, зөвлөх, ХЗДХ-ийн дэд сайд зэрэг нам дагасан ажилд удаа дараа томилогдож, ажил албан тушаалын шатаар гэрлийн хурдаар урагшилсан. Зарим чадалтай залуусын хүрч чадахгүй өндөрлөгт энэ залуу маш амархан хүрсэн. Тэр хэрээрээ ч зан характер нь эвдэрч, өөрийгөө МАН-ын нөлөө бүхий улстөрч гэж сэтгэсэн бололтой юм. Залуу хүний туулах зам саад тотгор багатай, өгсөх дараалалтай байвал сайн хэрэг ч гэлээ өөрт оногдсон алдар нэр, албан тушаалаа хэрхэн дааж явах нь хувь хүний характерын асуудал.

Харин  Б.Энхбаяр түүнийг дааж чадаагүй бололтой шүү. Тэр хэтэрхий дүрдээ итгэчихэж. Төрийн ордонд ганцаараа тодорч, хэн дуртайгаа доромжилж, зандарч, загнаж суугаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байгааг пиарын баг нь ойлгуулдаггүй бололтой. Өөрийгөө шүүгч, байцаагч хэмээн сэтгэж сонсголын хуралд оролцож байгаа хүн бүхнийг луйварчин, дээрэмчин аятай харьцаж, аашилж авирлаж байгаа нь шинэ цагийн “төлгөн” коммунист гэх нэрийг өөртөө авах шалтгаан болсон хэрэг л дээ.

Монгол Улсыг хөгжүүлэх ёстой Хөгжлийн банкны мөнгө хэрхэн зарцуулагдсан бэ гэдгийг бүгд мэдэж авсан нь сайн хэрэг ч гэлээ түүгээр дамжуулж өөрийгөө дөвийлгөж, өрөөлийг гутаан доромжилж, өс зангидаж сууна гэдэг даанч муухай зүйл. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр энэхүү сонсголд оролцож, Хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, бонд хэрхэн босгосон гэдгээ тайлбарлав.

Гэтэл хурал даргалагч эрхэм гишүүн Б.Энхбаяр “Та шантаажчин хүн шүү. Хөгжлийн банкыг шантаажлаж, яамныхаа мэдэлд авсан. Чингис бондны мөнгөөр юу хийж, бүтээв. Жижиг, сажиг ажилд үрчихсэн байна шүү дээ. Та надтай 2016 онд Төрийн ордонд таарчихаад долоон үеэр нь хараана гэснээ санаж байна уу” гэх зэргээр хувийн өс хонзонгоо илтэд гаргаж, гэрчээр ирсэн хүнийг элдвээр нь хэлж, загнаж, зандарч байгаад явуулна билээ.

Сүүлдээ Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярын биеийн байдал тавгүйрхэж, сонсголоос гарсныг олон нийт мэднэ. Муу муухайгаар дуудуулж байгаа ч Н.Батбаяр бол энэ төрд хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй үлдсэн хүн. Өдгөө монголчуудын ганц найдвар болж буй Хийн хоолойг Монголын нутгаар явуулах ажлыг Н.Батбаяр нугалж байсан. Бараг Б.Энхбаярын аав шиг хүн. Гэтэл гаргаж буй хандлага, харьцаа нь шоронгийн хоригдолтойгоо хянагч харьцаж буйгаас ч долоон дор харагдав. 

Хөгжлийн банкны зээлдэгчийн асуудал, өр төлбөр гэхээс илүүтэй хувийн харилцаа, намын ялгавар, өс хонзонгоо сонсголоор дамжуулан дураа ханатал гаргав. Энэ хүн цаашдаа албан тушаал ахих тусмаа зан аашийн хувьд хэн ч биш болж, жинхэнэ утгаараа хэлмэгдүүлэлт, хонгил байгуулж мэдэх юм биш, үү гэж сэтгэж сууна. Б.Энхбаяр гэдэг хүний хувийн харилцаанаас илүүтэй Монгол Улсын эрх ашиг, Хөгжлийн банкны мөнгө юу болж үлдсэн бэ гэдэг нь бидэнд чухал байтал орж ирсэн хэнбугайг ч өөрийн дураар доромжилж, заримыг нь долоож суух нь ичгэвтэр байна шүү. Залуу улстөрчийн хувьд зан характераа засаж, поп зангаа засаад явчихвал уг нь МАН-д бус Монголд хэрэгтэй толгой юмсан.