ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хогоо хогийн саванд хаявал хишиг буян арвижна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-27

Өнөөдөр аргын тооллын наймдугаар сарын 27. Билгийн тооллын шинийн 16. Шувуун хошуут одтой цагаагчин туулай өдөр. Эл өдөр үсээ шинээр үргээлгэхэд буюу засуулахад тохиромжгүй. Харин хогоо хогийн саванд хаявал хишиг арвижна. Учир нь дээшээ харсан саванд хийж байгаа учир орлогын үүд нээгдэх нигууртай юм. Эсрэгээрээ хогоо ил задгай хаях, машиныхаа цонхоор татсан тамхины иш, зажилсан бохь, уусан ундааныхаа савыг шидвэл гарлагын үүд нээгдэж, хоосрох гаслантай аж.  Энэ өдөр нэг болон зургаагаар төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцвол замын цагдаад торгуулна.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөөс машины тэнгэр хаяж, бөглөрөл дунд гурван цаг гацна. Цаашлаад хажуугаар чинь чихэж дайрч байгаа дүрэм зөрчигч машины чинь хаалгыг зурах нигууртай. Харин хурдаа тааруулж, дүрмээ биелүүлж, бусад жолооч нарт зам тавьж өгвөөс тосоо сольж, өвлийн дугуйгаа авах мөнгө амархан олдох од гийнэ.  Энэ өдөр өглөө эхнэрээ үнсч гарах, өдөр ажлаа сайн хийх, орой эртхэн харихдаа хүүхдүүддээ зайрмаг авч ороход сайн. Харин ажил хийдүүлэх, гудамжинд шүлсээ хаях, төрийн албаныхан хүнд суртал гаргахад муу.  Ажлын долоо хоногийн эхэнд согтууруулах ундаа хэрэглэвээс шарталт лугаа учирч, ажлаасаа халагдах муу талтай.  Эмэгтэйчүүд энд тэнд очиж, хэн нэгэн бөөгийн хэлснээр хөхний даруулгаа модонд өлгөж орхивоос мөөм жижгэрэх өвчинд нэрвэгдэхийг анхаарууштай. Өдрийн сайн цаг нь 12:00-13:00. Энэ үеэр нийтээрээ хоолоо идэж, гэдсээ цатгаваас өдрийн ажиллах эрч хүч сэргэх болой.