ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хичээлийн хэрэгсэл зарахыг хориглоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-29

Урагш, хойшоо явж, наймаа хийдэг хүмүүст хандаж нэг зөвлөгөө өгье. Дараа жил  есдүгээр сарын 1 дөхөхөөр хичээлийн хэрэгсэл зарахаа больсон нь дээр шүү. Яагаад гэвэл хоёр, гурван шалтгаан байна. Юуны түрүүнд, хичээлийн хэрэгсэл зарагдахгүй байх магадлал маш өндөр. Яагаад гэвэл 2019 он бол сонгуулийн өмнөх жил. УИХ-ын гишүүд ирэх жил “уймраа ногоон”-ыхоо бүх халаасыг сэгсрээд, тойргийнхоо хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авч өгнө. Тэд янз бүрийн л зүйл тойрогтоо тараадаг. Бидон, халуун сав, цаг тооны бичиг, аяга, шанага, данх, хивс, гутал гээд л. Гэхдээ ард түмэн өдрөөс өдөрт соён гэгээрч, хэрэгтэй хэрэггүй зүйл тараасан гишүүнийг дэмжихээсээ илүү доромжлох боллоо.

Харин боловсролын чиглэлээр хөрөнгө оруулалт хийж байгаа гишүүн байвал дэмжиж, талархаж байгаа шүү. Энэ хандлагыг ч гишүүд мэдэрсэн нь ойлгомжтой.  Өөрсдөө мэдэрдэггүй юм гэхэд хажууд нэг зөвлөж байгаа хүн бий дээ. Тэр нь мэдрээд, зөвлөгөө өгсөн байж таарна. Энэ жил ч зарим нэг мэдрэмжтэй нь хэдийн хичээлийн хэрэгсэл, дэвтэр бал, сургалтын төлбөр тараачихлаа. Ирэх жилээс бүр эрчимжинэ. Наймаачдаас өндөр үнээр авахгүй гэдгээ манай гишүүд мэднэ ээ, ухаантай юм чинь. Наад зах нь үйлдвэрээс, цаашилбал урагшаа яваад л бөөндчихнө. Тэгээд тойргийнхоо хүүхдүүдэд өөд, уруугүй тараана. Тийм болохоор ирэх жилийн есдүгээр сарын 1-ний өмнөхөн хичээлийн хэрэгсэл зарвал шатна шүү, наймаачид аа. Тэгээд ч бүхэл бүтэн УИХ-ын гишүүн хүн тойргийнхоо сонгогчдын хүүхдүүдийг хичээлийн хэрэгслээр хангаж байхад хажуугаар дайрч, дэвтэр, бал зарах гээд явж байна гэдэг нүгэл гэм.