Зам тээвэр, хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Гомбосүрэн яамныхаа газрын даргад гурван цагийн турш зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байна. Үүний улмаас Ерөнхий сайд Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон Дэд сайд Б.Цогтгэрэл нараас гадна яамны газрын бүх дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөөд буй. Гэвч Ерөнхий сайд хууль зөрчиж дарга чөлөөлсөн, газрын дарга нарыг чөлөөлөх хуулийн гаргалгаа байхгүй гэх мэтээр олон янзын таамаг өрнөж буй.
Ажлаа хийж байсан залууг албан өрөөндөө дуудаж танхайрсан, улмаар амийг нь хөнөөсөн хэрэгт ЗТХ-ийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг цагдан хориод буй. Тэгвэл сүүлийн үед талийгаач Т.Гомбосүрэнг өөрөө архи ууж, зодооныг эхлүүлсэн гэх мэтээр сөрөг мэдээлэл явж эхэлсэн билээ. Энэ талаар талийгаачийн өмгөөлөгч З.Хүрэлсүх SBN телевизэд ярилцлага өгчээ.
Тэрбээр, “Зам тээвэр, хөгжлийн яамны дөрвөн ажилтан согтуу байсан. Эндээс хоёр нь зодолдож, нэгнийхээ амийг хөнөөсөн. Энэ байдал нь шууд урьдчилан тогтоогдсон гэх мэтээр цагдаагийн байгууллагаас анх мэдээлэл өгсөн. Энэхүү ташаа, дутуу дулимаг, яарч өгсөн мэдээллээс үүдэж цаашдаа олон ташаа мэдээлэл соошл сүлжээ болон хэвлэл мэдээллээр гарах шалтгаан боллоо. Талийгаачийн ар гэр, аав ээж, ах дүү, төрөл төрөгсдөд нь илүү их сэтгэлийн дарамт болж байна.
Энэ хэргийг Цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгасаар байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт ч ирээгүй. Мөрдөн байцаагчийн гарт ч очоогүй байгаа. Гэтэл гарсан мэтээр мэдээлэл цацаж байгаа нь бодит үнэнээс хол зөрж байна” гэв. Талийгаачийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь хэргийн бодит нөхцөл байдал өөр гэдгийг мэдэж байгаа ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа юм байна.