Төрийн үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэх зорилгын хүрээнд БХБЯ 2021 оны 11 дүгээр сараас эхлэн Олон улсын чанарын менежментийн тогтолцоо “ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар тус яам “ISO 9001:2015” стандартыг баталгаажуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2023.05.29/-ний өдөр тус яамны нийт албан хаагчид ээлжит Мэдээллийн цагаараа “Төрийн байгууллагын чанар менежментийн тогтолцоо”-г баталгаажуулах сургалтад хамрагдлаа.
Сургалтаар “Олон Улсын чанарын менежментийн ISO 9001:2015 стандарт гэж юу вэ?”, “Чанарын стандарт нэвтрүүлснээр байгууллагын бодлого, үйл ажиллагаанд ямар эерэг нөлөөллүүд гарах вэ?”, “Аливаа асуудлын 98 хувь нь тогтолцооноос хамаардаг учир хүнийг сайн ажиллуулах тогтолцоог бий болгох” зэрэг сэдвийн хүрээнд 10 бүлэг 131 шаардлагатай “ISO 9001:2015” стандартын талаар мэдээлэл авч, бодит туршлагууд, тулгамдсан асуудлуудаар ярилцлаа.
Барилга, хот байгуулалтын яам “Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлэгч анхдагч Төрийн байгууллагуудын нэг бөгөөд удахгүй тус стандартын “Баталгаажуулалт”-д хамрагдах юм. Олон улсын чанарын менежментийн тогтолцоотой Төрийн болон Төрийн бус байгууллагууд бий болсноор Улс орны хөгжлийн чанар дээшилж хурдасдаг байна.
Монгол Улсын 900 гаруй Төрийн байгууллагаас 23 байгууллагад Олон улсын чанар менежментийн тогтолцооны баталгаажилт хийгдэж, 125 байгууллага тус стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бол 721 байгууллага огт нэвтрүүлээгүй байна. Энэ нь Төрийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгааг судалгааны байгууллагууд мэдээлж байна. Барилга, хот байгуулалтын яамны хувьд Олон улсын чанарын менежментийг тогтолцоог нэвтрүүлж, тус стандартад нийцүүлэн Алсын хараа, Эрхэм зорилгоо тодорхойлон ажиллаж байгаа билээ.