“Багшийн дээд” нэрээр ард түмний сэтгэлд хоногшсон багш мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй ууган сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Танай сургуулийн сургалтын чанар, орчин нөхцөл маш их сайжирсан байна. Цаашдаа багш бэлтгэдэг ижил төрлийн үйлчилгээ явуулдаг сургуулиудаас ялгарах давуу талыг хэрхэн бий болгох талаар ярилцлагаа эхэлье?
-МУБИС нь 65 жилийн турш Монгол Улсад багшлах боловсон хүчнийг бэлтгэж ирсэн төрийн өмчийн хамгийн том их сургууль. 1990-ээд он гарсанаар зах зээлийн эдийн засаг, иргэний ардчилсан нийгэм байгуулах үйл явцтай зэрэгцэн багш боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээр өдгөө тодорхой амжилтад хүрлээ. Зах зээлд шилжсэнээр олон хувийн их, дээд сургуулиуд байгуулагдаж ижил төстэй чиглэлээр ажиллаж байгаа ч цагийн шалгуурыг давж чадалгүй олон сургуулиуд хаагдсан. Сүүлийн жилүүдэд БСШУСЯ-наас мөн чанаргүй сургалт, үйлчилгээ явуулж байгаа сургуулиудыг хаах, заримыг нь нэгтгэх бодлого барьж байгаа нь маш чухал. МУБИС нь төрийн өмчийн сургуулийн хувьд олон давуу талтай гэдгийг иргэд сайн мэддэг. Манай сургууль нь бүрэлдэхүүний найман сургууль, 38 тэнхим, 35 лаборатори, сургалт судалгааны 10 төв, нэг дунд сургууль, нэг цэцэрлэг, хичээлийн 10 байр, оюутны долоон дотуур байр, 14000 гаруй оюутан, 906 багш ажилчидтай.
Нийт багш нарын 51 хувь нь эрдмийн зэрэг цолтой болсон байна. Сүүлийн жилүүдэд багш шалгаруулах үйл ажиллагааг чанаржуулснаар магистраас дээш цолтой, эрдмийн зэрэг хамгаалсан, гадаад хэлний болон мэргэжлийн өндөр мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх чадвар, арга барилтай багш нар бидний эгнээнд олон боллоо. “Багшийн эрдэм шавиас” гэж монголчууд ярих дуртай. Өмнөх хичээлийн жилд манай хамт олон багшийн хөгжил, сургалтын чанарын баталгаажуулалтыг хангаж ажиллах үндсэн том зорилтыг дэвшүүлж, амжилттай ажилласан. Энэ хүрээнд багш бэлтгэх хөтөлбөрөө чанаржуулах, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Герман улсын олон улсын магадлан итгэмжлэлийн ASIIN байгууллагаар Мэдээлэл зүй, Математикийн хоёр хөтөлбөрийг магадлан итгэмжлүүллээ. Ирэх жилд физик, хими, газарзүй, биологи болон бусад хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Түүнчлэн гуравдахь удаагийн байгууллагын магадлан итгэмжлэл амжилттай явагдлаа.
-Багшийн хөгжлийг дэмжих чиглэлд чамгүй олон ажил хийсэн нь харагдаж байгаа. Тухайлбал, амжилттай суралцаж байгаа оюутнуудыг урамшуулах, багшийг чадваржуулах чиглэлд хийсэн ажлаасаа онцлооч?
-Тэгэлгүй яахав. Манайх 2018 оныг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласан. Улмаар “Багшийн хөгжлийн төв” болон багшийн хөгжлийг дэмжих сургалт, судалгааны таван төвийг шинээр байгуулж, хөтөлбөрийг нь баталж мөрдөн ажиллаж байна. Нэг жишээ дурдахад өнгөрсөн хичээлийн жилд 10 гаруй оронд 100 гаруй багшийн мэргэжлийг дээшлүүллээ. 2018-2019 оны хичээлийн жилд тоог нь нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа. Хөтөлбөр болон хичээлийн чанарыг дээшлүүлэх үүднээс “100 сайн хичээлийн аян”-ыг хэрэгжүүлсэн. Түүнчлэн өнгөрсөн жил анх удаа 3.5 жилээр суралцсан оюутнуудын төгсөлт боллоо. Амжилттай суралцаж чадаж байгаа суралцагч бакалаврын зэргийг заавал дөрвөн жил биш богино хугацаанд эзэмших боломж бүрдсэнийг харуулж байгаа хэрэг. Төгсөгчдийн тал нь ажлын байртай болсныг дуулгахад таатай байна. Ижил төстэй сургуулиудаас олон талаараа ялгарах, өрсөлдөх бүрэн чадвартай, чанарын баталгаажуулалт үнэлгээг чухалчлан ажиллаж байгаа сургууль болж чадсан гэж хэлэхэд таатай байна.
-Дэд захирлын хувьд та өөрийн сургуулийн төгсөгчид, өдгөө ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчний ур чадварыг хэрхэн үнэлж байна?
-Нэг жаран гэдэг бол богино хугацаа биш юм. Энэ утгаараа манай хамт олон үе үеийн төгсөгчид, энэ том айл дотор ажиллаж ирсэн багш, ажилчид, албан хаагчдаараа үргэлж бахархаж явдаг юм. Манай төгсөгчид Монгол Улсын олон салбарт хүч үзэж, төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа. Бид жилдээ хэд хэдэн удаа ахмад багш нар, залуу төгсөгчид, гадаад, дотоодод ажиллаж байгаа шавь нартайгаа уулзаж, сургуулийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө бодол санаагаа нэгтгэдэг уламжлалтай. “Зуун өртөөлсөн нэгэн жаран” хэмээн МУБИС-ийн түүхийг өгүүлсэн номыг уншиж, төгсөгчид, багш нарын талаар мэдээлэл аваасай гэж бодож байна. Энэ сургуульд 30 дахь жилээ тасралтгүй ажиллаж байгаа багш хүний хувьд үе үеийн төгсөгчид, тэдэнд эрдэм мэдлэг зааж ирсэн өдгөө ажиллаж байгаа багш нараараа бахархаж явдгаа энэ дашрамд хэлье.
-Танай сургууль алсын хараагаа хэрхэн тодорхойлов. Ойрын хугацаанд хийгдэх том хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд байгаа бол нэрлэхгүй юу?
-Бид алсын хараагаа “Багш боловсролын чанараар Ази тивд өрсөлдөхүйц сургууль байх” гэж тодорхойлсон. Монгол Улсын төрөөс дээд боловсролын талаар баримтлах үзэл баримтлалд 2024 он гэхэд дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэх зорилт дэвшүүлсэн байдаг. Төрөөс дэвшүүлж буй зорилт юуны өмнө МУБИС-д хамаарна. Азийн орнууд эрчимтэй хөгжиж, дэлхийн шилдэг их сургуулиудын эгнээнд Азийн их сургуулиуд тасралтгүй нэгдэж буй энэ цаг үед бид амаргүй зорилтыг өмнөө тавьсан гэсэн үг. Энэхүү зорилт нь биднээс ихээхэн хичээл зүтгэл, шинэ менежмент, зохион байгуулалт, нөр их хөдөлмөр, идэвх санаачилгыг шаардах нь тодорхой. Хамгийн гол нь олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа сайжруулахыг шаардаж байгаа юм. Дэлхийн түвшинд хүрнэ, шилдэг их сургуулийн нэг болно гэж байгаа л бол хамтдаа зүтгэх шаардлагатай. Тиймээс МУБИС-ийн /2014-2024/ хөгжлийн бодлогод 2024 он гэхэд МУБИС нь Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно” гэж тодорхойлж, энэхүү зорилгод хүрэх стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхой болгоод ажиллаж байна.
Эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх, судалгааны үр дүнг сургалтад нэвтрүүлэх олон ажлууд амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн жил судалгааны ажлыг дэмжих үүднээс санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлж, олон багш судлаачид төсөл хөтөлбөрүүдэд хамрагдлаа. Тун удахгүй номын сан болон лицей сургуулийн шинэ өргөтгөлийн байрнуудаа хүлээн авахад бэлэн болсон. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар “Лицей” сургуульд өндөр хүчин чадалтай лаборатори нээгдэх юм. Түүнчлэн 2019 оныг “Оюутны хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Оюутан бүр багш мэргэжлийн гайхамшигийг мэдрэхээр ухаан бодол, уран сэтгэмжээ уралдуулах гэж сургуулиа яаран зорьдог байхын төлөө “Оюутан бүрийн хөгжлийн төлөө” аяныг зохион байгуулахын зэрэгцээ, “Оюутны Холбоо”-ны төсвийг хоёр дахин, оюутны тэтгэлгүүдийг 20-30 хувиар, дотоод санхүүжилттэй төслийн багт ажиллах оюутны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. Түүнчлэн, “Орлоготой оюутан”, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 500 гаруй оюутнуудыг гадаадад урт, богино хугацаагаар оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах, Тэрэлжид оюутны дадлагын баазыг шинээр байгуулах зэрэг олон ажлуудыг хийх болно. Ооюутны амьдрах таатай орчныг бүрдүүлэх үүднээс ирэх хичээлийн жилд 10 давхар оюутны байр барих төсвийг улсын төсөвт суулгуулсныг дуулгахад таатай байна.