Монгол хүний дасах зохицох чадвар үнэхээр гайхамшигтай. Хаа байсан 50 хэмийн халуун Африкт ч, харь холын -50 хэмийн хүйтэн Антарктид ч дасан зохицож чадна. Ямар ч засаглалтай улсын нөхцөлд амьдарч л тэснэ. Дайнтай, самуунтай, дайсантай, байлдаантай, байгалийн гамшигтай, гантай зудтай, газар хөдлөлттэй, салхитай, шороотой орчинд ч байж л байна.
Ардчилсан Америкт ч, ардчилсан Солонгост ч, өнөө талын өмнөд Солонгост ч, өмнөд Суданд ч, Афганистанд, Австралид, Хөгшин Европт ч тэр, Хөрш Орос, Хятад ч тэр, өөрөөр хэлбэл таван тив бүхий л улсад монголчууд аж төрөн амьдарч байна. Хууль дүрмийг нь ягштал биелүүлж, хүн шиг ёс зүйтэй, иргэн шиг нь хичээлтэй амьдарч чадаж байна. Гэхдээ бид ганцхан газар л амьдарч чадахгүй байна. Тэр нь төрөлх эх орондоо, улсынхаа нийслэл Улаанбаатартаа, тал нутагтаа л тархан сууж чадахгүй байна. Гаргасан нэг хууль нь хоёр янзаар үйлчилдэг болохоор хуулийг нь мөрдөхийг хэн ч хүсэхгүй байна. Хийсэн ажлыг нь хэмжээнд нь таартал үнэлдэггүй болохоор ажлыг чин сэтгэлээсээ хийх хүн олдохгүй байна.
Тиймээс л өөрийн нутагтаа эзэн шиг амьдрахын оронд хүний нутагт боол болохыг илүү үзэж, дүрвэж, цагаачилж байна. Өөрийнхөө хүч хөдөлмөрийг үнэлдэг газар нь борлуулж байна. Тэнд, манайхаас ч чанга хуультай орны хуулийг ягштал мөрдөх хэр нь ээ энд, гарцаар зам хөндлөн гарахаас төвөгшөөж, замын голд мал шиг бэлчиж байна. Хотын төвдөө биеэ засаж, цонхоороо шүлсээ хаяж, орцонд хогоо ил задгай орхиж, бие биенээ харааж, хоорондоо зодолдож, хэрэгт төвөг тарьж, хууль сахиулагчдаа үл хүндэлж байна. Бид бусад бүх газар амьдарч чадна. Гэхдээ эх орондоо л амьдарч чадахгүй.