ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрийн эсрэг биш түмэн олны эсрэг тэмцээд байна, багш нар аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-03

Өчигдөрхөн дүрэмт хувцсаа өмсөөд нээлтэд оролцож, өнөөдөр харин ангийн найзуудтайгаа уулзана хэмээн инээсээр гарсан хүү минь урвайчихсан ярьж байна. Учир нь хүүгийн минь сурдаг сургуулийн багш нар ажил хаялтад нэгдэж, тодорхойгүй хугацаагаар хичээлээ заахгүй хэмээжээ. Харин энэ талаар ээж, аавд нь огтхон ч мэдэгдсэнгүй. Ингээд хүү минь гэртээ цоожтой үлдэхээс өөр аргагүй болов.

Хэзээ ажил хаях, хэнд хаяглаж эсэргүүцэл илэрхийлэх вэ гэдгээ ойлгоогүй хэдхэн багш нарын эсэргүүцэл ийнхүү хүүгийн минь эрх ашиг, цаашлаад над шиг олон зуун ээжүүдийн хувьд толгойн өвчин болж хувирлаа. Нялх үрсээ хаана, хэнд үлдээхээ мэдэхгүй олон аав, ээж өнөөдөр ажлаа тасалж, эсвэл тог цахилгаан, галын эрсдэлтэй гэр орондоо хүүхдээ цоожлоод ажилдаа явахаас өөр сонголтгүй болж байх шиг. Багш нарын цалингаа голсон улстөржилт байгаа онож чадсангүй. Тэд ажиллаж хөдөлмөрлөх, авдаг цалингаа нэмүүлэх ёстой юу гэвэл тийм. Жагсаж цуглах эрх нь ч бас нээлттэй. Гэвч зунжингаа ажин түжин, амар сайхан суучихаад хичээл эхлэхтэй зэрэгцэн улстөржиж байгааг нь ойлгох ухаан хүрсэнгүй.

Төрийн эсрэг биш тэд түмэн олны эсрэг, олон мянган аав, ээжүүдийн эсрэг тэмцэл хийгээд байна, багш нар аа. Тэгээд ч энгийн ажлаа хийгээд явж байгаа олон мянган багш нарын нэр барьж хэдхэн хүмүүс улс төр хийж байгаа нь ойрын хэдэн өдөр өрнөж буй үйл явдлаас тодхон харагдав. Хэн дуртай нь үйлдвэрчний эвлэл байгуулдаг, түүгээрээ дамжуулж шантааж хийдэг, улс төрийн зорилгоор жагсаж, тэмцэж, түүндээ гэмгүй багш, эмч нарын нэр барьдаг арчаагүй улс төр арай л хэтэрлээ. Багш нарын цалинг нэмэхгүй гэж хэн ч хэлээгүй. Нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно, цаашлаад 10-30 хувиар нэмэх боломжтой гэдгийг салбарын сайд нь хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө мэдэгдсэн. Гэвч багш нарын нэр барьсан Үйлдвэрчний эвлэл гэх улстөржсөн байгууллага үүнийг нь үгүйсгэж, худлаа мэдээлэл өгөөд сууж байгаа.

Нийслэлийн хэмжээнд 12 сургууль л ажил хаялтад нэгдсэн байхад 87 хэмээн мэдэгдлээ. Нэг ч цэцэрлэг ажил хаялт зарлаагүй байхад мөн тооны цэцэрлэг ажил хаялтад нэгдсэн мэтээр хуурамч мэдээ тарааж ард түмнийг багагүй чирэгдүүлэв. Сургууль, цэцэрлэг нь орох эсэхийг мэдэхгүй, сургуулийн хүүхдээ хаана, хэнд харуулах учраа олохгүй эцэг эхчүүд нийгмийн сүлжээнд хэдийнэ бухимдлаа илэрхийлээд эхэлчихэж. Энэ бүх улстөржсөн тэмцэл эцэстээ багш, эцэг эхийн хоорондын “тулаан” болж хувирах вий. Аливаа тэмцэл, жагсаал гэдэг учир начиртай байдаг. Ойлголцолд хүрэхгүй бол ажлын бус цагаар тэмцдэг, жагсдаг, үгээ хэлдэг, бүр суулт ч хийж болно.

Гэтэл хавар, зунаар таг чиг суучихаад хамгийн сүүлд хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн шантаажилж байгаа хүмүүсийг яаж ч бодсон зөвтгөж чадахгүй нь. Миний аав, ээж, дүү минь багш. Гэвч тэд түмний үрсийн сурах эрхийн төлөө энэ мэт улс төрийн шантаажаас хол явж ирсэн юм. Үгээ үзэл бодлоо хэзээ илэрхийлэх вэ гэдгээ мэддэг хүмүүс. Улс орны амьдрал тэр чигээрээ ядуу байхад яаж ч бодсон 1.6 сая төгрөгийн цалин өгөх боломж төрд байхгүй гэдгийг бас ойлгодог юм. Тэгээд ч 1.6 сая төгрөгийн цалин авмаар байгаа бол түүндээ тохирсон  мэдлэгтэй бол гэж олон зуун чадваргүй багш нарт хэлмээр санагдах боллоо. Инфляци, инпляци хоёроо ялгахгүй л шавь төгсгөж байгаа өөрсөддөө бас дүгнэлт хийвэл зүгээрсэн.