ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Суварга барьсан хүнийг барилгын сайдаар томилно

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-09-04

Манайхан чинь ардчилсан хувьсгал эхэлснээс хойш улам л тэнгэрлэг болоод байгаа. Тэгээд тэнгэрлэг болохын хэрээр бурханлаг зүйл л барина. Тухайлбал, суварга. Суваргыг бол өндөр нам, өргөн нарийн, хэмжээ дамжаа, өнгө будаг донжийг нь тааруулаад барьж өгнө. Сүмийн хашаанд, хийдийн гадна, бүр уулын орой даваа, гүвээ, тал, хангай, тойром бүрд жалга судаг газар голохгүй барина. Өөрөөр хэлбэл Гандангийн хашаанаас эхлээд оршуулгын газар хүртэл суварга байж л байна.

Ингэхэд онгоц буудаг нисэхийн зурвасын хажууд суварга юугаа хийж байгаа юм бол. Тэнгэрлэг хүмүүсийг бууж буцахад хэрэг болдог юм болов уу. Ер нь тэгээд суварга барих чинь мод тарихаас илүү буянтай тул бэл бэнчинтэй болгон суварга барих хэрэгтэй. Мод тарих бол газарлаг зүйл учир тэнгэрлэг хүмүүст тохирохгүй. Тиймээс нэг их чухал биш. Харин тэнгэрлэг хүмүүс бурханлаг зүйл барьж байгуулах ёстой тул мянгат малчин болвол нэг суварга. Сумын дарга болвол хоёр суварга. Аймгийн засаг ноён болвол гурван суварга барих ёстой, гэх мэтчилэн тооны хүрд шиг явна. Цаашдаа орон байрны улсын нэгдсэн тооллого гэдэг шиг суварга шүтээний нэгдсэн тооллого хийвэл зохилтой.

Дэлхийн бүх улсуудад байгаа суварганаас хавь илүү тоо гарах нь дамжиггүй тул хөөцөлдөж байгаад хамгийн их суваргатай улс хэмээн Геннисийн номд бүртгүүлчсэн ч болж байна. Нэг хүнд ногдох суваргаараа тэргүүлэгч орон. Хамгийн олон суварга барьсан хүн. Хамгийн өндөр, хамгийн өргөн, хамгийн сайхан суварга барьсан хүн гэх мэтээр олон номинаци зарлан уралдуулж болно. Мөн хамгийн олон суварга босгосон хүнийг Монголын хамгийн тэнгэрлэг хүнээр шалгаруулж, УИХ-ын гишүүн болгодог байсан ч болно. Үгүй юм аа гэхэд тийм их бүтээн байгуулалт хийснийг нь үнэлээд Барилга хот байгуулалтын сайдаар томилж яагаад болохгүй гэж...