ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Учир битүүлгээр амиа алдсан Г.Ганжаргал эмчийн эхнэр суулт зарлалаа

O.Admin
2023-10-17

Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргал өнгөрсөн оны долдугаар сар /2023.07/-д "Хасу шивэрт" рашаан сувиллын … дугаар тоот өрөөний тагтнаас унасан байдалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл тус хэргийн эцсийн шийдвэр гараагүй байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа аж. Улмаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн үүдэнд өнөөдөр /2023.10.17/ талийгаач Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэг суулт зарлаж байна. Тэрбээр гурав дахь удаагаа хийж буй шинжээчийн дүгнэлтийг үнэн, зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардаж байгаа юм.

Тэрбээр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Шинжээчийн дүгнэлт гадны нөлөөгүй гэж гарсан. Гэхдээ шинж тэмдэг болон шинжилгээнүүдээрээ гадны нөлөөтэй байж болзошгүй бүх зүйлийг гаргачихсан байгаа. Маш олон тооны зулгаралт гэмтэл, дал нуруу тохой, өвдөг бугуй, гуяны урд хэсэг, шагай гэх мэт маш олон хэсэгт зулгаралт үүссэн. 11 метрийн өндөр дөрвөн давхраас хүн агшин зуурын хугацаанд уналаа гэж үзэхэд хаана тэр олон зулгаралт гэмтэл үүсэх боломжтой вэ. Хувцас нь яагаад урагдсан байгаа юм. 4 давхрын тагтнаас унахдаа 2 давхрын тагтны хүрээнд цохигдсон.

Улмаар тагтны хүрээний мод толгойны орчимд 85 см газарт цус бүхий зүйлээр бохирлогдон унасан байсан гэж байгаа. Үүнээс унахдаа л биеийн аль нэг хэсэгт цус гарсан гэмтэлтэй байсан гэж хардаж болохоор байгаа юм. Хоёрдугаарт, цохигдсон мод нь гурван хэсэгтээ цус болчихсон байсан. Энийг мөрдөгчдөө тодруулмаар байна гэхэд мод нь унаад хүн нь унаад цус нь цацарчихсан юм байлгүй гэх мэт логикгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй юм ярьдаг. Ийм хариуцлагагүй байж болохгүй биз дээ. Үүнээс гадна хохирогчийн хумсны завсраас холимог ДНК гарсан. Тэгсэн ч тэрийгээ нуун дарагдуулаад хаачихсан. Цааш нь тодруулаагүй гэх мэтээр маш олон сэжигтэй зүйлс байгаа” хэмээлээ.

Мөн “Яагаад олон нийтэд мэдээлж байж асуудлыг шийдээд байгаа юм бэ. Ар гэрийнхнийг нь аргагүй байдалд битгий оруулаач гэж шүүх, цагдаа, хууль хяналтын байгууллагынхнаас хүсмээр байна. Эцсийн байдлаар үнэн зөвөөр шийдээд өгөөч. Учир битүүлэг байдлаар өндрөөс унасан байдалтай амиа алдсан маш олон хэрэг байгаа. Тэр хүмүүсийн ар гэрийнхнийг надтай нэгдэж дуугараасай гэж хүсч байна. Унасан гэдэг нөхцөл байдлыг нь тогтооход олон улсаас тусламж хүсье. Хууль хяналтынхан үнэн зөвөөр хэргийг мухарлаад өгөөрэй гэж хүсье. Одоо эцсийн байдлаар шинжээчийн дүгнэлт гарна. Шинжилгээ хийж байгаа шинжээч эмч нараа хэн нэгэнд битгий худалдагдаарай, хэн нэгний нөлөөнд битгий автаарай, өргөсөн тангарагтаа үнэнч байж шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гаргаад өгөөрэй гэж би чин сэтгэлээсээ гуйж байна” гэсэн юм.