Увс аймгийн Сагил сумын хилийн орчимд энэ сарын 17-ны шөнө Тувагийн иргэд хил зөрчиж, манай хилчдэд буудуулжээ. Үүний улмаас нэг нь нас барсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэднийг хилийн торон хаалтыг тасалж байхад нь хилчид илрүүлж, хэд хэдэн удаа анхааруулга өгсөн аж. Гэвч, үл тоож Сагил сумын нутаг руу зугтсан тул буудсан аж. Хилчдийн бууны суманд Тувагийн нэг иргэн өртөж, амиа алдсан байна. Одоогоор Увс аймаг дахь Цагдаагийн газраас Сагил сумын нутагт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улсын хилийн тухай хуулийн 48.5 дугаар зүйлд:
"Улсын хил хамгаалах байгууллага, хилийн манаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй" гэж заажээ.