Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусны буудлын ойролцоо зам хөндлөн гарч явсан иргэнийг мөнгөлөг саарал өнгийн “Хонда” маркийн автомашин мөргөж амь насыг нь хохироогоод зугтаасан хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтсийнхэн хэргийн газарт үзлэг хийж, осол гаргаад зугтсан жолоочийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Уг хэрэг энэ сарын 03-ны 05.00 цагт гарсан аж.
Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар нэн даруй гэрийнх нь хаяг, машиных нь марк дугаарыг тодруулж осол гаргаж зугтсан жолоочийг саатуулсан байна. Хэргийн холбогдогч нь 80 шахам өндөр настай Ж гэх иргэн байжээ. Тэрээр цагдаагийнханд “Үүрээр гэр рүүгээ харих гэж яваад хүн шүргэх шиг болсон. Гайгүй биз гэж бодоод хариад унтсан” гэжээ. Одоогоор өндөр настай иргэнд ямар хуулийн хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байгаа аж.