Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн сургууль орчмын бүсэд явган зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гэрэлтүүлэгчтэй замын тэмдэглэгээг өчигдөр Ерөнхий боловсролын 2-р сургуулийн урд талын замд байршуулжээ.
Нийслэлийн хэмжээнд анх удаа энэхүү гэрэлтүүлэгч бүхий явган зорчигчийн аюулгүйн тэмдгийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газрын Замын Цагдаагийн хэлтсээс санаачилсан аж. Улмаар, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт гэлээ.
Цаашид дүүргийн сургууль орчмын бүсэд ийм гэрэлтүүлэгч бүхий замын тэмдэглэгээг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа юм байна.