ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Сарантуяа: Алтан үеийн гайхалтай жүжигчдийн нэг гэртээ өлбөрч үхсэн байдаг

O.Admin
2023-11-11

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн бие муу, ах дүүгийнхээ асрамжинд очсон талаарх мэдээлэл гарсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор зохиолч Б.Сарантуяа өөрийн байр сууриа дараах байдлаар илэрхийлжээ. 

"Цэнхэр залаагийн С.Баатарсүх ахын бичлэгийг хараад бодож сууна. Уг нь ингэж явах хүн байгаагүй л юм даа. Гэхдээ ийм байдалд орж үр хүүхэддээ хаягдсан хүн мэдэгдэж байгаа нь л энэ мэт ганц нэг болохоос гадуур зөндөө байгаа. Хорвоо улам бүр хүйтэн болсоор л байна. Дараа үеийн залууст хайрлах энэрэх сэтгэл их дутуу санагддаг. Мэдээж бүгд биш ч гэсэн ихэнх нь. Яг л Европ америкийн араас алгуур явсаар л байна. Аав ээжийгээ асрамжийн газарт хүлээлгэж өгөөд амар сайхан амьдрах хүсэлтэй залуус цаг ирэх тусам олон болно. Энэ бол хэтрүүлэг биш. Бидний үеийнхэн гэхэд нийгмийн шилжилтийн галзуу үеийг, байлдаантай кино шиг амьдарлыг туулахдаа ихэнх гэр бүл салж нийлж, ганц хоёрхон хүүхэд л төрүүлж амжсан. Үе тэнгийнхнийг минь юу хүлээж байгаа бол, үй олон өрх толгойлсон ганц бие, ганцхан хүүхэдтэй эээжүүд байна. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Өнөөдөр өнгөтэй мөнгөтэй, азтай жаргалтай явлаа ч маргаашийг бид мэдэхгүй шүү дээ. Миний мэдэхээр алтан үеийн гайхалтай жүжигчдийн нэг, нэрийг нь хэлээд яах вэ. Тэр хүн гэртээ ганцаараа өлбөрч үхсэн байдаг. Дараа нь задлан шинжилгээ хийхэд ходоодноос нь эсгий гуталны тасархайнууд гарч ирсэн гэж дуулсан. Өлсөөд арга барагдахдаа гутлаа идсэн гэсэн үг. Тэр бүү хэл 7 хүүхэдтэй эцэг хүн хүүхдүүддээ хаягдаад гудамжинд гарсан тухай ч сонсож л явлаа. Хэн ч яаж ч яваа билээ. Хорвоо таашгүй шүү дээ. Маргаашийг хэн ч мэдэхгүй. Одоо л чадалтай байгаа дээрээ дээр дооргүй ирээдүйнхээ төлөө ямар нэгэн зүйл хийх цаг нь болсон байх гэж бодогдож байна. Миний хамгийн их хүсдэг зүйл. Долоо хоногт ганц удаа ч болов дунд сургуулийн сургалтын программд “Хайрын хичээл” гэж ордог байх. Бидний дунд цаг ирэх тусам үнэ цэнээ алдсаар байгаа эх орон цаашлаад ижий аав, хүн хүнээ хайрлах сэтгэлийн тухай, амьдрах ухааны тухай заадаг байх. Хамаа алга. Ном товхимол бэлтгэх ажлыг зохиолчдоо уриалаад би хийе. Дараагийн бас нэг чухал зүйл бол Батсүмбэрийн асрамжийн газар байшин барилгатайгаа тэтгэвэрт гарах цаг нь болсон. Оронд нь илүү том, илүү тохитой асрамжийн газар барьж байгуулах, ахиад ч дэлхийн жишиг тогтолцоогоор хүмүүс өөрсдөө хүсэж, мөнгө төлж ирдэг хэд хэдэн асрамжийн газар нэмж барих зэрэг ажлууд хиймээр л байгаа юм даа. Бидний хэн маань ч тэнд тууж явж магадгүй. Амьдрал болзолгүй шүү дээ" гэжээ.