Олон нийтийн сүлжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хятадаар ярьж буй мэт бичлэг цацагдсан. Уг хэрэгт хоёр иргэнийг холбогдуулан шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа С.Тайван мэдээллээ.
Тэрбээр “Энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Хятадын тикток дээр “Цахим ертөнц” нэртэй хаягнаас "deep fake" буюу хуурамчаар хүний царай, дуу хоолойг өөрчилдөг программаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг өөрчлөн 38 секундын хуурамч бичлэгийг Өвөрмонголын “Талын дуу хоолой” гэсэн пэйжээр цацагдсан. Үүнийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.
Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М болон А нар цахим орчинд түгээж, үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, алдар нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учир энэ сарын 20-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг авч, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үеэр худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Анх мэдээлэл тавигдсан “Талын дуу хоолой” пэйж нь Монголын 102.1FM-тэй хамтран ажилдаг. Тус FM-ийн эзэн М нь “Like HD TV”-ийг мөн хариуцдаг. М-ийн хамаарал бүхий этгээд нь Тен Медиа ХХК гэх байгууллагад ажилладаг. Үндсэндээ зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй гэж гэж үзэж байгаа” хэмээн мэдээллээ.
Монгол Улсын Эрүүгийн хуульд:
13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
19.9 дүгээр зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах
1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.