Зариг.мн сайтаас “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү хэлэлцүүлэгт албаны хүмүүс болон цэргийн албанд татагдан очиж, амь насаа харамсалтайгаар алдсан залуусын ар гэр, аав, ээж нь оролцож үгээ хэллээ.
Мөн цэргийн албанд зодуур, яргалал хэрхэн байдаг, түүнээс болж яаж гэмтэж, бэртсэн талаар залуус ярилаа. Сүүлийн үед цэргийн албанд татагдсан залуус амиа насаа алдах, бэртэж, гэмтэх тохиолдол буурахгүй байгаа юм. Зөвхөн 2023 онд л гэхэд цэрэгт татагдсан зургаан залуу амиа алдсан харамсалтай тоон мэдээлэлтэй байна.
Тиймээс энэхүү харамсалтай мэдээ мэдээлэлд үндэслэн тус хэлэлцүүлгийг зохион байгуулж, бодит эх сурвалж болон ар гэрийн төлөөллүүдийг оролцуулан хэлэлцлээ. Харамсалтайгаар хүүгээ, дүүгээ, ахыгаа алдсан ар гэрийн төлөөллийн үгийг элдэв нэмэлт хачиргүйгээр хүргэж байна.
Иргэн М.Биндэръяа:
-1995 онд Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт хуваарилагдсан. 1996 есдүгээр сарын 12-нд “хүү чинь өнгөрчихлөө” гэдэг мэдээлэл ирж байсан. Тэгээд очих гэтэл энд өвчин гарсан, ирж хэрэггүй гэж хэлсэн. Бидэнд оршуулсан зураг болон шагнуулсан тэмдэг ирсэн. Ээж маань хүнд өвчтэй, эмнэлэгт хэвтэж байгаа. Тиймээс би ээжийгээ төлөөлж ирлээ. Ээж маань Батлан хамгаалахын сайдад өргөдөл бичсэн. Үүнийг албаны хүмүүст өгмөөр байна.
Хохирогч иргэн н.Ууганбаяр:
-2019 оны есдүгээр сарын 2-3-ны өдөр зургадугаар салааны ахлагч н.Төрболд, харуулын дарга н.Сонин-Эрдэнэ хоёр намайг бүлэглэн зодсон. Гэхдээ тэр хоёр хүн надаас уучлалт гуйгаагүй. Тэд намайг зодож, миний эрүүг хугалсан. Намайг эмчлэхдээ шууд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү авч явж эмчилсэн. Харин ар гэрт маань моринд чирүүлсэн гэж хэлсэн байсан. Цаашид дахиад энэ зодуур үргэлжилсэн бол би үнэхээр зул болох байсан. Амьд гарч чадахгүй байх байлаа.
Иргэн Б.Бурмаа:
-Дүү маань Увс аймгийн Хилийн цэргийн 0245 дугаар ангид алба хааж байсан. Тухайн үед 19 настай байсан. Цэргийн дарга нь “хүү чинь амиа хорлосон байна” гэж аавд нь хэлсэн. Гурван эгчтэй, хүний ганц хүү. Тэгээд амьд ирсэнгүй. Биднийг очиход “үхрээ хураах гэж яваад ирээгүй” гэж хэлсэн. Урд өдөр нь танихгүй утсаар аав руугаа ярьсан байсан. Бидний хувьд гомдолтой байна. Дүү минь цэргийн ангийн үхэр хардаг байсан. Нэг бярууг нь чоно идчихсэн гэсэн. Үүнээс болж дүүг маань их дарамталсан гэж боддог.
Амиа алдсан цэргийн ээж:
-Миний хүү 2005 онд Батлан хамгаалах их сургуульд элсээд 2009 онд төгсөх байсан. Гэтэл төгсөх жил нь цэргийн албанд татсан. Алтанбулаг руу явах замдаа төөрч осолдон, 11 цэрэг амиа алдсан шүү дээ. Буруу замаар яваад байгааг нь хэлэхэд “Дуугүй суу” гэж загнасан байсан. Замдаа авч явж байсан хүмүүс нь архи ууж, овооны дэргэд зогссон байсан.
Амиа алдсан цэргийн ээж:
-Миний хүү 2022 онд дотоодын цэргийн 05 дугаар ангид цэрэгт татагдаж очсон. Тухайн оны зургадугаар сарын 15-нд тангарагийн баяраа хийсэн. Тухайн үед уулзахад эрүүл, саруул дажгүй ээ гээд ярьж байсан. Түүнээс хойш ердөө 24 цагийн дараа буюу 16-нд цэргийн ангийн эмч “Эгчээ та ямар хоол аваачиж өгсөн бэ. Танай хүү хоолны хордлого болчихжээ. Би одоогоор ажил дээрээ байхгүй байна. Очоод эргээд холбоо барина” гэж ярьсан.
Орой Цэргийн төв эмнэлэгт 22:00 цагт очиход манай хүү ухаангүй байсан. "Хэвлий хөндийд нь яаралтай хагалгаа хийнэ. Тэгэхгүй бол цус алдаад байна. Яаралтай хагалгаанд ороход, ходоод нь задарсан байна” гэж хэлсэн. Би бууз аваачиж өгсөн. Ердөө гуравхан бууз идсэн байсан. Хуулийн байгууллагаас надад дорвитой хариу өгөөгүй. Шүүх шинжилгээний байгууллагаас гадны нөлөөгүй гэж хэлсэн. Гадны нөлөөгүй юм бол яагаад ходоод нь задрав. Би үнэхээр гомдолтой байна.