ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Өнөрцэцэг: Нэг сэтгүүлчийн нөлөөнд ордог шүүх засаглал гэж байж болох уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-11-24

"Zarig.mn" сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг найман ишигний гэх хэргээс үүдэн шүүхийн нэр хүндэд халдсан хэмээж ШЕЗ-өөс гомдол гаргаж, улмаар сэтгүүлчийг яллагдагчаар татсан гэх асуудал үүсээд байна. Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, мэдээлэх үүрэгт бүдүүлгээр халдаж, гэмт хэрэгтэн болгохоор санаархаж буй уг үйлдлийн талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдөр Төв талбайд мэдээлэл хийж, ард түмэн болон мэргэжил нэгт нөхдөөсөө тусламж хүслээ.

Тэрбээр, “Цэргүүд амиа алдсан асуудлаар “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлгийг манай сайт бэлтгэн хүргэсэн. Энэ хэлэлцүүлгийн өмнөх өдөр Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч н.Батцэнгэл гэж хүн над руу залгаж, ир мэдүүлэг өг гэсэн. Миний хувьд сэтгэл санааны хувьд хэцүү байна, бэлдэх шаардлага байна, сэтгэл тогтворгүй учраас хэлэлцүүлэг дуусаад мэдүүлэг өгье гэдгээ хэлсэн.

Гэсэн ч хэлэлцүүлгийн маргааш буюу энэ сарын 22-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор н.Батзаяа миний бие Мөрдөн байцаах албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч н.Амартүвшингийн хүсэлтийн дагуу ирж мэдүүлэг өгөхийг хүсэж байна гэсэн тогтоолыг ирж танилцуулсан. Би дуудсан цагт нь очсон. 15.00 цагт н.Амартүвшин гэж хүнтэй уулзсан. Тэгж уулзахдаа би “Төрийн ордон”-д би эрсдэлийн форумд модератороор суух ёстой. Тэгэхээр би тэр форумдаа суухаас өмнө өгчихье гэсэн ч арай амжихгүй учраас та суучихаад ир гэсэн. Дараа нь харин яллагдагчаар татсан бичгийг өгсөн.

“Найман ишиг”-ний гэх хэрэг дээр намайг шүүхэд нөлөөлчихлөө гэж яллагдагчаар татсан. Яаж нөлөөлсөн бэ гэхээр “найман ишиг”-ний хэрэг хулгайн хэрэгт жаахан охины ээж, аавыг 2.6 жилээр ял төлөвлөсөн байсан шүү дээ. Энэ охины төлөө л би явсан. “Найман ишиг”-ний хохирол байгаа бол энэ ишгийг ав гээд уурхайчин залуу ишиг авч ирснийг нөлөөлсөн гэж үзээд байгаа юм билээ. Нэг сэтгүүлчийн нөлөөнд ордог шүүх, засаглал байна гэж байх уу.

Нэг ч удаа би сэжигтнээр дуудагдаагүй атлаа өнөөдөр шууд яллагдагчаар татагдчихлаа. Хөхүүл ээжийг хүүхэдтэй нь уулзуулсан хэрэг шүү дээ. Би ядарсан хүмүүсийг хамгаалж л дуугарсан. Өнөөдөр би, бас сэтгүүлч хүмүүс дуугүй болбол маргааш та бүхэн мэдээлэл авч чадахаа болино. Миний яриаг сонсож байгаа хүмүүс ирж энэ талбайд асуудлаа яриарай. Намайг ярихаар тагнуул хийсэн болгож байна шүү дээ. Хүмүүс над руу ярьдаг учраас би асуудлыг ил болгож тавьдаг” хэмээлээ.