ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хотын даргын мөрөөдөл биелээсэй гэж мөрөөдөж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-11

Нийслэлийн Засаг дарга саяхан сэтгүүлчидтэй уулзалт хийхдээ “Би Улаанбаатараа удахгүй Сингапур шиг хот болгохыг мөрөөдөж байна” гэдэг алдарт үгээ хэлжээ.  Тэртээ 1963 оны наймдугаар сарын 23-ны өдөр Мартин Лютер Кинг Вашингтоны Линкольны дурсгалын цогцолборын гадаах индэр дээр “Би мөрөөдөж байна” хэмээх алдарт илтгэлээ тавьсан шиг л хүмүүст хүрлээ. Тэр сайхан мөрөөдөлтэй юм аа.

Тэгж яривал би ч бас том мөрөөдөлтэй. Сайхан ч биш бүр том шүү.  Би Монгол Улсын Азийн бар биш “дэлхийн арслан” улс болгохыг мөрөөддөг.  Өглөө ажилдаа явахдаа зургаан км/ц дундаж хурдтай биш, 30 км/ц хүргэж давхихыг хүсдэг.  Өглөө 10-хан минут илүү унтаад, ажилдаа хоцролгүй очихыг ч мөрөөддөг. Өвөлдөө утаагүй, хавартаа үнс хийсдэггүй, зундаа уртын харайлтаар хичээллэдэггүй хотод амьдрахыг маш их хүсдэг.  Хажуу айлынхаа юу ярьж байгааг сонсдог, хачин нимгэн ханатай байрыг ам.метрийг нь 1.5 саяар авдаггүй, тансаг хаусыг тэр мөнгөөр авахыг мөрөөдөж байна.

Чанартай, стандартын дагуу баригдсан орон сууц хямд авахыг ч бас мөрөөддөг. Сарын цалингаа шуудай будаа, хэдхэн кг маханд өгөөд дуусдаг биш, хангалуун амьдардаг болохыг ч мөрөөдөж байгаа.  Тэр ч байтугай хотын даргын мөрөөдөл биелээсэй ч гэж мөрөөддөг болсон, сүүлийн үед. Тэгэхгүй бол цас тоолдог хотын удирдлагууд мөрөөддөг хоч нэмж аваад, нэр нүүрээ барах болчихоод байгаа юм.  Ерөөсөө бүх нийтээрээ хотын даргын мөрөөдөл биелээсэй гэж мөрөөдөцгөөе.