ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Галын дуудлага 62.1, усны ослын дуудлага 16.3 хувиар тус тус буурчээ

O.Admin
2023-12-08

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2023 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурлыг зохион байгуулж, ажил мэргэжлээрээ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга оролцож, хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тогтолцооны хувьд сайжруулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, сургалтын чанарыг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр олон үйл ажиллагааг цогцоор нь зохион байгуулж байна. Нийслэл хотод тулгамдаж байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах, тэмцэх үйл ажиллагааны тэргүүний эгнээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид та бүхэн маань үүрэг гүйцэтгэж байна. Өдөр бүр гамшиг, осолтой нүүр тулж, энэ албаны нүүр царай болсон эгэл жирийн алба хаагч, аврагч-гал сөнөөгч та бүхнээрээ бахархаж байна” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 2023 онд  бүртгэгдсэн гал түймрийн 1503, аврах ажиллагааны 447 буюу нийт 1950 удаагийн дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3670 хүний амь нас, 300 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Нөлөөллийн томоохон аянуудыг зохион байгуулснаар нийслэлийн ногоон бүсэд шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх оноос 62.1 хувиар буурч, нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр бүртгэгдээгүй, усны ослын дуудлагын тоо 16,3 хувь, голын усанд осолдсон иргэдийн тоо 2.8 дахин буурсан үзүүлэлтэй байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 146 нэгжид гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд Налайх дүүрэгт ерөнхий боловсролын сургуулиудын дунд гамшгийн эрсдэлийг бууруулах сэдвээр “Дэвжээ” тэмцээн, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хүүхэд төвтэй эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулсан нь онцлог ажлууд байлаа.

Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд НОБГ-ын дэргэд 50 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг байгуулж, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран тус дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн салбар болгон үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Мөн анги байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, алба хаагчдын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх, ая тухтай орчныг бий болгох зорилгоор Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид хүүхдийн тоглоомын өрөө, анги хүртэх автомашины зам, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 74 дугаар ангиудад хүнсний ногооны хүлэмжийг шинээр байгуулж, анги байгууллагын гадна дотно тохижилтод нийт 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулсан зэрэг үр дүнтэйгээр үйл ажиллагаагаа дүгнэлээ гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.