“Монголд амьдрахад хэцүү байна аа. Хаашаа ч хамаагүй, гадаад явах юмсан” гэж ярьдаг хүмүүс эргэн тойронд олон. Шалтгаан нь цалин, үнэлэмж багатай холбоотой. Монголоос өөр газар оччихвол сардаа хэдэн саяар нь цалин аваад, орон байртай болоод, овойж оцойгоод ирэх юм гэсэн. Тэр ч бас зөв. Угаас Монголд олигтой амьдрах хэмжээний цалин өгөх ганц ч газар байхгүй.
Төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн газрын дарга нар 10, 20 сая төгрөгийн цалин сардаа авдаг. Тэдний хэрэглээнд энэ мөнгө хүрэхгүй ядаж л байгаа, хөөрхийс. Багш нар цалин хүрэхгүй байна гэж ажил хаяж байгаа нь ч гэсэн 2, 3 талаас нь харвал зөв. Тэр битгий хэл сардаа сая гаруй төгрөгийн цалин авдаг жолооч “Уг нь миний сарын цалин сая гаруй төгрөг. Гэхдээ байр, машин, цалингийн зээл, цахилгаан барааны лизингээ төлөөд, гар дээрээ 400 мянгахан төгрөгийн цалин авч байна. Ийм байхад яаж амьдрах юм бэ” гэж ярьж байна. Зөв, хэдэн төгрөгийн цалинтай нь ямар ч хамаагүй. Гар дээрээ хэдэн төгрөг авч байгаа нь чухал.
Сардаа гар дээрээ 400 мянган төгрөгийн цалин авч байгаа хүн яаж амьдрах юм бэ. Хэцүү. Тэгээд авлига авч, цавчаа хийж чаддаггүй бол бүр ч хэцүүднэ. Ажил хаяж байгаа, хаях хүсэлтэй багш, эмч нарын дунд ч гар дээрээ 300, 400 мянганхан төгрөгийн цалин авдаг хүн олон бий. Хөөрхийс минь цалингаараа зээл, машины, байрны лизингээ төлөөд, тиймхэн мөнгө үлдэхээр бухимдаж л таараа. Хүүхдүүдээс хэдэн төгрөг татдаг. Өвчтөнүүдээс жаахан “юм” салгадаг тулдаа л амьдарч байгаа юм. Монголд амьдрахад үнэхээр хэцүү байна. Нийтээрээ гадаад явъя. Эсвэл ажил хаяцгаая, гар дээрээ авдаг цалингаа нэмүүлэхийн төлөө тэмцэцгээе.