Энэ өдрүүдэд Баян-Өлгийд МАН-ынхан аймгийн Намын хорооны шинэ даргаа томилох эсэхийг хэлэлцэх байжээ. Гэтэл, өлгийчүүдийн нэрээр УИХ-ын сонгогдсон ч хүсэл ч ханаагүй “хаан” болох хүсэлтэй УИХ-ын гишүүн нэг нөхөр дахиад л хууль бусаар хурал хойшлуулан бужигнуулж, “би хаан болохгүй юм бол бусдад нь ямар ч боломж байхгүй” хэмээн даналзаж буй сурагтай.
Тодруулбал, энэ сарын 21-ны өдөр буюу өнгөрөгч пүрэв гарагт Баян-Өлгий аймгийн МАН-ын хороо хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэхээр товлоод байжээ. Аймгийн төвд 11.00 цагт эхэлсэн хурлаар
-Аймгийн МАН-ын хорооны Хяналтын хорооны тайлан
-Аймгийн МАН-ын хорооны даргын тайлан
-Аймгийн МАН-ын хорооны санхүүгийн тайлан
-Аймгийн МАН-ын даргыг шинээр томилох гэсэн дөрвөн асуудал багтаад байв. Цас зуд, хүйтэн нойтныг эс тооцон хамаг цаг заваа зарцуулан сумдаас хүртэл төлөөлөгч нар хүрэлцэн ирснээр 192 гишүүнээс 185 нь ирж хурал 90 гаруй хувийн өндөр ирцтэйгээр эхэлжээ. Хурлаар дээрх дөрвөн асуудлаас эхний гурвыг нь хэлэлцэж дууссан бөгөөд аймгийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцэх гэхэд төв намаас буюу МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар гэгч тухайн өдрийн 14.30 цагт онгоцоор хүрэлцэн очоод л хурлыг гацаачихаж. Угтаа, зүв зүгээр хэлэлцэх асуудлаа яриад явж байсан хурал үдээс хойш гэнэтхэн л бужигнаж, тодорхойгүй хугацаагаар хойшлоод эхэлжээ.
Онгоц хөлөглөн ирсэн эрхэм дарга тансаг зочид буудлын өрөөндөө “хор найруулан” бараг хоёр цаг хурлыг хойшлуулсаар 18.30 цагийн үед тарааж орхижээ. Эрхэм дарга уг нь эндээс намын Удирдах зөвлөлийн шийдвэр хийгээд ирэх сонгуульд нам хэрхэн бодлогоор оролцох болон шинэ даргын өрсөлдөөн хэр шударга явагдаж буйг хянах гэж томилогдсон гэх. Гэтэл намайг дараагийн хаан болгохгүй бол бусад нь хэн ч биш хэмээн даналзсан УИХ-ын гишүүний явуулгад автсан уу хурлыг хойшлуулан, зургаан цаг өрөөнөөсөө ч цухуйхгүй хор найруулж, цугласан олон төлөөлөгчийг бухимдуулжээ.
Ингээд орой нь шинэ жилийн үдэшлэг болох үед эрхэм дарга албан өрөөнөөсөө цухуйж арайхийн зүсээ харуулахдаа “Намын даргыг сонгох хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо” хэмээн мэдэгдээд гарч оджээ. Бод доо. Албан ёсны хурлын үеэр ч бус архидан согтуурч байсан шинэ жилийн арга хэмжээнд орж ирээд хурлын товыг хойшлуулах эрх мэдэл, Б.Баярбаатар гэгчид байдаг хэрэг үү, МАН-ын дарга аа. Угтаа энэ хүн намын ажлаар бус зөвхөн тэнд дарга суух гэсэн нэг хүний хүслийг биелүүлэх гэж очоод намын Бага хурлын гишүүдийн дэмжлэгийг авч чадахгүй унахыг нь мэдмэгцээ хурал хойшлуулаад “зугтсан” хэрэг биш үү. Сураг сонсох нь ээ, шинэ даргын сунгаанд өнөөх том дэмжлэгтэй гэх УИХ-ын гишүүн Т.Аубакираас гадна гурван ч нэр цэвэр, шударга, намдаа дэмжлэгтэй өрсөлдөгч нар заалнаас нэр дэвших тухай яригдсан байсан юм билээ.
Гэтэл энэ яриаг сонсмогц, Т.Аубакир нь гарч чадахгүй унаж мэдэх нөхцөл байдал үүсмэгц Б.Баярбаатар гэгч сандран нисэж очоод, хэвийн явж байсан хурлыг хүртэл тасалдуулж, цас зудтайд намын бүтцээ шинэчилнэ хэмээн зориод очсон төлөөлөгч нарыгаа ч үл хүндлэн хурал хойшлуулчхаад давхиж оджээ. Үндэсний цөөнхөд ганцхан бүлэглэл эзэн суух гэдэг энэ ноёрхол хэзээ дуусах вэ, Ерөнхий сайд аа. Нэр цэвэр, аймаг орон нутгийнхаа төлөө ажиллаж чадах залуусаа бодлогоор нухчин дарж, өөрийгөө “хаан” гэж өргөмжлөх гэсэн хэсэг бүлгийн улайрлыг, тоглоом наадгайг та хэдий хүртэл харж суух вэ. Архины ширээний ард намын хурлын шийд гаргаж том толгойлсон Хяналтын зөвлөлийн даргадаа ямар хариуцлага тооцох вэ, Намын дарга аа.