ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 цагийн өмнө

Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин ирдэг хэмээн тус мужийн Соёл, аялал жуулчлалын сангийн дарга И Гён Юүн ажлаа танилцуулахдаа онцоллоо. Нутагтаа өндөр нэр хүндтэй энэ эрхэм Ерөнхийлөгч асан Мүн Жэ Интэй туйлын адилхан. Ерөнхийлөгч асаны дэргэд ойр шадарлаж явахдаа Монгол Улсад анх удаа ирж, тэр цагаас хойш манай улстай элгэсмүү хийгээд дотно харилцааг тогтоожээ.

Тэрбээр, тусгай, өөрөө удирдлагат Жонбүк мужийг БНСУ-даа төдийгүй олон улсад сурталчилж, аялал жуулчлалыг нь хөгжүүлж яваа чухал хүмүүсийн нэг юм. Тэр дундаа манай улстай найрсаг харилцааг бий болгож, Монголын говьд “дурлаж”, монгол залуусыг тууштай дэмжиж, тус мужид ажиллаж амьдарч, суралцахаар очсон залууст боломж олгож яваа Монголд хайртай эрхэм.

Монголын эзэнт гүрний их түүхийг агуулсан Их хааны өлгий нутаг Хэнтий аймагтай нэн төстэй уур амьсгал, түүх соёл, байгалийн гоо үзэмжтэй, Жусоны хаант засаглалын өв соёл, үүх түүхийг хадгалж үлдсэн зурсан зураг лугаа үзэсгэлэнт байгаль дунд орших Жонбүк мужийн хаа нэгтээ тэтгэвэрт гарсан гурван эмээгийн хамтран ажиллуулдаг жижигхэн цайны газарт Солонгосын алдартай хар гахайн мах шарах зууртаа макколитай ширээний ард өрнөсөн бидний халуун дотно яриа хоёр улсын найрамдалт харилцаа, олон жилийн нөхөрлөл, нэн шинэ хөгжиж буй түүх, соёлын хийгээд эрүүл мэндийн аялал жуулчлал, эдийн засаг, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр, ТББ, хотуудаар дамжсан хамтын ажиллагаа зэрэг олон сэдвээр дуу хууртай, дурсамж яриа дүүрэн өрнөлөө.

Тус мужид велнес /эрүүл мэндийн алжаал тайлах/ аялал жуулчлалын 30 гаруй газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгаль ба илааршил, уламжлал ба ахуйн соёл, гоо сайхан, бясалгал, хоол, уламжлалт анагаах ухааны чиглэлүүдээр төрөлжиж үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн нэг болох 150 га газрыг хамарсан асар том аялал жуулчлалын цогцолбор болох “Gochang Wellpark”-аас бидний дөрвөн шөнө, таван өдрийн сургалт, албан уулзалт, чөлөөт аялал хосолсон хөтөлбөр эхлэв.

БНСУ-ын улсын сургуулиудын нэгдүгээрт эрэмблэгдэх Жонбүкийн үндэсний их сургуульд 15 жилийн өмнө суралцахаар очиж, бакалавраас Жонбүк үндэсний Их сургуулийн зочин профессор болтлоо өсөн дэвшиж, салбар бүрт хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар хичээн зүтгэж яваа Х.Од дүүгийн маань үүсгэн байгуулсан “KMO” боловсрол зуучлал, сургалт, аялал жуулчлалын компани болон Жонбүк мужийн "Соёл, аялал жуулчлалын сан"-гийн урилгаар тус мужийн үүх түүх, өв соёл, зан заншил, Монгол Улстай тогтоосон хамтын ажиллагааг аль чиглэлд илүү хөгжүүлэх талаар туршлага солилцох, мэдлэг авах, сургалтад хамрагдах зорилготой сайн дурын ТББ болон цөөн хэдэн сэтгүүлчийн төлөөлөл багтсан аялалын багийн нэг гишүүн нь болж таньж мэдсэн, судалж суралцаж, нөхөрлөлөө тэлсэн дурсамж бүтээгээд ирлээ.

Бибимбап, гүчүжаны өлгий нутаг

Шар тэнгисийн бүсийн эдийн засгийн түшиц, Зүүн Азийн аялал жуулчлалын төв болох нэн давуу байршилтай Жонбүк муж нь эдийн засаг, хууль эрх зүй, засаг захиргааны хувьд бие даасан эрх мэдэлтэй гурван мужийн нэг бөгөөд нөгөө хоёр нь Чэжү, Гангвон мужууд юм. 2006 онд аялал жуулчлал, олон улсын худалдааг дэмжих зорилгоор Чэжү муж тусгай удирдлагатай болж байсан бол БНСУ-ын газар нутгийн 8.04 хувийг эзэлдэг уул, ус, тал нутаг хосолсон өвөрмөц байгалийн тогтоцтой Жонбүк муж нь 2024 оноос энэхүү эрхээ авчээ.

Ойролцоогоор 1.8 сая хүн амьдардаг, зургаан хот, найман сумтай тусгай удирдлагат мужид И Гён Юүн даргын нам буюу Ардчилсан нам олонхийн суудал авчээ. Тэд багаараа орон нутгаа тэр дундаа аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, эрүүл мэнд, гоо сайхан, уламжлалт хоол, сэтгэлзүйн тайвшрал, бясалгалын аялал жуулчлал буюу “Аялал жуулчлалаас давж илааршлыг бодох нь” төлөвлөгөө боловсруулан эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж эхэлсэн байна. Эмчилгээ, сувилал, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эдгээр 30 орчим газраа Соёл, аялал жуулчлалын сангаасаа бодлогоор дэмжиж, сүүлийн гурван жилд 10 тэрбум воны дэмжлэг үзүүлсэн бөгөөд тэр хэрээр эдгээр газрууд нь эмчилгээ, үйлчилгээ, хоолны нэр төрөл, стандартаа нэмэгдүүлж, жуулчдаа татдаг гэдгийг тус сангийн Аялал жуулчлал, контент хариуцсан хэлтсийн дарга Ким Юн Үн тайлбарлалаа.

Тус муж нь хоол, уламжлалт өв соёл, уламжлалт сууц, урлагийн өв соёлоороо дэлхийд танигдсан. Дэлхийн олон улс орнуудад соёл урлаг, аялал жуулчлал, “жинхэнэ” солонгос орныг таниулсан төсөл хөтөлбөр, соёлын экспо, үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг бөгөөд 2024 оноос хойш Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй. Энэ хугацаанд маш олон оюутнууд Жонбүк үндэсний Их сургуульд тэтгэлгээр суралцаж эхэлсэн бол Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдтэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллаж байгаагаа дуулгалаа. Биднийг томилолтоор ажиллаж байх үед тухайн муждаа үйл ажиллагаа явуулдаг “Юнион Сити” группын санхүүжилт, дэмжлэгээр ухаалаг шийдэл бүхий гэрлэн дохио Өмнөговь аймгийн Даланзадгад сум буюу Монголын говьд гэрэлтэхээр замдаа гарч байсан юм. 

Мужийн эрүүл мэндийн аялал жуулчлал, хавдрын үеийн болон хавдрын дараах нөхөн сэргээх эмчилгээ, гоо сайхны эмнэлгийн үйлчилгээ нь Сөүл, Инчон зэрэг өртөг өндөр хотуудаас харьцангуй хямдхан учраас зорин ирэх хүмүүсийн тоо ч жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Хотынх нь төвд орших Ханок виллаж /Солонгос үндэсний уламжлалт сууц бүхий тосгон/ нь “ЮНЕСКО”-д бүртгэгдсэн хамгийн том уламжлалт тосгон бөгөөд жилдээ 10 сая жуулчин зорин ирдэг.

Бид ч тэдний нэг болж, цаг гарган зорин очлоо. Солонгос үндэсний хувцас ханбок өмссөн хар, шар, бор түмэн янзын жуулчид түүхэн дурсгалаар дүүрэн гудамжаар хаа сайгүй хөлхөлдөнө. Өв соёл, үүх түүхээ тэр чигээр нь туйлын цэвэрхэнээр хадгалж үлдсэн уламжлалт сууц болгонд хоол хүнс, идээ ундаа, бэлэг дурсгалын зүйл худалдаалж, өглөө мандах нарнаас үдшийн бүрий тасрах хүртэл хүний хөл дарна. Амралтын өдрүүдээр Сөүл, Бусан, Инчон  зэрэг том хотуудаас дотоодын жуулчид олноороо зорин ирдэг учраас хүн зөрөх зайгүй болдог гэнэ лээ. Зам харилцаа өндөр хөгжсөн учраас автобусаар 2-3 цаг, галт тэргээр ердөө нэг цаг давхиад л ирчихнэ. Тус муж нь цоо шинэ хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, эрүүл эко хоолоороо алдартай.

Та бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх болсон гүчүжан амтлагч, монгол айл өрхийн оройн хоолны сонголтын нэг болтлоо танигдсан “бибимбап” буюу шинэхэн будаагаар хийдэг үндэсний хоол нь тэдний нэрийн хуудас. 1000 жилийн настай ватум цаас, уламжлалт дуу бүжиг, хөгжим, алдартай хоол хүнс зэрэг долоон төрлийн биет бус өвөөрөө тус муж нь дэлхийд танигджээ.

Их хотын дуу чимээнээс зугтсан, өдөр тутмын завгүй хэмнэл, ажлын ачаалалдаа стресстэж бухимдсан, тэр хэрээр сэтгэлзүйгээ гэмтээсэн олон зуун хүмүүс Жонбүкийн Гочан, Грийн Жансүгийн зах хязгааргүй ногоорох аниргүй ой, нам гүм атлаа эрүүл эко орчинтой “Дэсын ханжи” тосгон зэрэг үзэсгэлэнт газруудад бясалгаж, алхаж, хооллож, халуун рашаанд орж эдгэрэхийг хүсэж, олноороо зорин ирдэг юм байна. Зарим нь бүтэн жилээр хаус, зочид буудал түрээслэн өөрийгөө болон гэр бүлээ амрааж, эдгэрч, тайтгараад буцна. Үнэхээр ч өөрөө, өөртэйгөө ярилцах боломж тэнд л гарах юм билээ. Өглөөний өтгөн манан суунагласан туйлын нам гүмхэн, үзэсгэлэнтэй цэвэр агаар, тав тухтай байгаль дунд ганцхан хоноход л тархи, зүрх тайвширч, амар амгаланг ханатал мэдэрснээ нуух юун.

Монголын боловсролыг “онилсон” шинэ харилцаа

БНСУ-ын бусад хотуудтай нэгэн адил тусгай удирдлагат гурван мужид үйл ажиллагаа явуулдаг компаниуд нийгмийн сайн сайхны төлөө олж буй орлогынхоо 1 хувийг зарцуулдаг тусгайлсан хуультай. Хөгжлийн эхэн жилүүдэд зөвхөн дотооддоо зарцуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд гадны тэр тусмаа хөгжиж буй улс орнуудад үйл ажиллагаагаа тэлэх боломжийг хуулиар олгожээ. Ингэснээр Их сургуулиуд, том групп компани, төрийн санхүүжилттэй сан зэрэг компани, аж ахуйн нэгжүүд хөгжиж буй орнуудад үйл ажиллагаагаа сурталчлахын сацуу сайн дурын ажил хийж, тухайн улстай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх болсон байна. Энэ хүрээнд өмнө хэлсэнчлэн, Өмнөговь аймгийн Даланзадгад сумтай хамтын ажиллагааг эхлүүлж байсан бол 2024 оноос боловсролын салбарт хамтын ажиллагаа эхлүүлэхээр УИХ-ын гишүүн, өнөөгийн Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хамтран ажиллах боломжийг ярилцсан байна.

Улмаар, “Эрдэнэс Монгол” буюу “Чингис хаан Үндэсний баялгийн сан”-тай Жонбүк мужийн үндэсний Их сургууль хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уул уурхай, эдийн засаг, компьютер, айтигийн чиглэлээр 500 оюутан суралцуулах гэрээ байгуулан эхний 18 оюутан тус мужид суралцаж эхлээд байгаа сайн мэдээг уншигчдадаа дуулгая. Жонбүк үндэсний Их сургууль нь улсын сургуулиуд дотроо нэгдүгээрт эрэмблэгддэг. 28 мянган оюутантай.

Солонгос улсын Ерөнхийлөгч нь боловсролын салбараа хөгжүүлэхэд 1 их наяд воны санхүүжилт зарцуулж буй бөгөөд тус санхүүжилтийн 50 хувиас илүүг нь өөр дээрээ татаж, “Айти парк”-ийн чиглэлээр хөгжүүлж байгаа аж. Асар том оюутны хотхонтой тус сургууль нь оюутнуудынхаа аюулгүй байдлыг дээд зэргээр хангахаас гадна сурах орчныг нь тултал бүрдүүлжээ. Газар, газрын оюутнууд өөр, өөрсдийн хэлээр унших ном, судалгааны бүтээл бүхий асар том номын сан, гадаад оюутнуудын тусгайлсан сургалтын анги танхим, амралтын өрөө, оюутнуудын дотуур байр, автобус, хоолны газар, уушийн газар, биеийн тамирын талбай, гүйлт, фитнесс, усан бассейн тэр байтугай залуусын болзох газрыг нь хүртэл бэлдчихсэн. Тэнд залуус зөвхөн сурах, бас дахин сурах л үүрэгтэй.

Хэлний ур чадвар, ЭЕШ-ын оноо зэргээсээ шалтгаалан 100 хүртэлх хувийн тэтгэлэг авах боломжтой боловсролын энэхүү шинэ замыг өргөжүүлж, магистр, докторын түвшинд ч тэтгэлэг авах боломж бүрдсэнийг тус Жонбүк үндэсний их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Жу Хуа Рим бидэнтэй уулзах үеэрээ хэлж байлаа. Энэ бүхэнд Х.Од бүсгүйн үүсгэн байгуулсан “KMO” компани асар их үүрэг гүйцэтгэжээ. Монголдоо 2017 оноос хойш, 2022 оноос Жонбүк мужид үйл ажиллагаагаа тэлсэн тус компани эрүүл мэнд, соёл, боловсрол, тээвэр ложистикийн салбарт хамтын ажиллагааны нэн шинэ зам гаргасаар байгаа юм. Тус мужид Монголын 1000 гаруй иргэн ажиллаж амьдарч байгаагийн 400-500 нь оюутнууд бөгөөд 300 гаруйг нь “КМО” компани зуучилсан аж.

Жонбүк муж нь эрүүл мэнд, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс өөрийн муждаа байрлаж үйл ажиллагаа явуулдаг хөгжиж буй орнуудаас аялал жуулчлал, эмнэлгийн виз, оюутан солилцоо, сургалтын виз мэдүүлэх эрхтэй 35 жижиг компанийг бодлогоор дэмждэг. Жилдээ 20 сая хүртэл воны дэмжлэг үзүүлж, сангийн оффистоо үнэгүй байрлуулан үйл ажиллагаа явуулах боломжоор хангадаг юм билээ.

Тэгвэл монгол бүсгүйн үүсгэн байгуулсан “КМО” нь эдгээр шилдэг таван компаний нэг болжээ. “KMO” компаний Гүйцэтгэх захирал Х.Од энэ тухай ярихдаа “Манай компани нь Жонбүк мужийнхаа Худалдаа аж үйлдвэрийн танхимд бүртгэлтэй, хоёр улсын хамтын ажиллагаанд боловсрол, эрүүл мэнд, сургалт, аялал жуулчлал, тээвэр зуучийн чиглэлээр үүрэг оролцоотой явж байна. 2025 онд тус мужид эрүүл мэнд, соёлын аялал жуулчлалаар 7200 орчим гадны жуулчид ирсэн. Тэдний 970 гаруйг нь манай компани урьж авчирсан. Бид өндөр шалгуурыг давж, сангийн хоёрдугаар давхарт байрлаж үйл ажиллагаа явуулах таван компаний нэг болж, санхүүжилт авч чадсан. Монголын эрүүл мэндийн салбартай хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхээр гэрээ байгуулахад манай компани саяхан холбох үүрэг гүйцэтгэлээ. Боловсролын салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, доктор, магистрын тэтгэлгийн урамшуулал зарлалаа.

Монголын үндэсний урлагийн хоёр ч баг Жонбүк мужид ирж тоглолтоо хийсэн бол мужаас 40 гаруй хүнтэй хоёр ч үндэсний урлагийн багийг Монгол руу явуулснаас гадна оюутан солилцоо тогтмол хийгдэж байгаад ковидын үед хаагдсан. Үүнийгээ сэргээхээр төлөвлөж байгаа. Мөн “Сурагч солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлдэг” хэмээлээ. Жинхэнэ солонгос дуу сонсож, жинхэнэ солонгос соёлын зах зухаас үзэж, жинхэнэ солонгос хүмүүстэй уулзаж, найрсаг, зочломтгой ард түмний аж амьдралтай танилцсан хоёр өдрийн үйл ажиллагаа ийнхүү өндөрлөж, дараа, дараагийн шинэ жимийг эхлүүлэхдээ баяр хөөрөөр дүүрэн уулзах ерөөл тавьсаар "далайн нийслэл" гэгдэх Бусан хотын зүг бид хөдлөв.

"Монголын аутизмын эмгэгтэй хүүхдүүдэд туслахыг хүсэж байна"

Бидний нөхдийг Инчон олон улсын нисэх онгоцны буудалд газардах үед угтан авсан хүмүүсийн нэг нь “Бусан Баяраа” нэрээр БНСУ-д амьдарч буй 60 гаруй монголчуудын дунд танигдсан “Yes Mongolia” ТББ-ын Солонгос дахь салбар зөвлөлийн дарга Д.Баярсайхан байлаа. “Yes Mongolia” ТББ нь Монгол орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж хөдөлмөрлөж байгаа шилдэг залуусаас гадна гадны улс орнуудад бүтээж, хөдөлмөрлөж буй шилдэг залуусыг эгнээндээ нэгтгэсэн сайн дурын ТББ бөгөөд тухайн улс орнуудаас төсөл хөтөлбөр эх орондоо татах, хамтын ажиллагаанд гүүр болох зэрэг ажлыг сайн дураар хийдэг залуусын нэгдэл юм билээ.

Энэ хүрээндээ “Yes Mongolia” ТББ нь Бусан хотын “Тархины гэмтлээс үүдсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн төв” болон хөгжиж буй орнуудад сайн дурын үйл ажиллагаа явуулах сонирхолтой хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Д.Баярсайхан нь “Air Busan”-ыг Монгол Улс руу шууд нислэгтэй болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн учраас “Бусан Баяраа” хэмээх “хоч” нэрийг монголчуудаасаа авчээ. Тэрбээр, хоёр улсын дунд хамтын ажиллагааны цоо шинэ зам гаргах, Солонгос компаниудыг Монгол Улс руу хөрөнгө оруулахад холбох ажлыг олон жил хийж яваа. “Чингис хаан Үндэсний баялгийн сан”-гийн Солонгос дахь төлөөлөгчийн үүрэгт ажлыг саяхнаас хүлээн авч, ажлаа авсан даруйдаа монгол оюутнуудыг сургах ажлыг тууштай хөөцөлдөж эхлүүлсэн бол сайн дурын ТББ-ын салбар зөвлөлийн даргын хувиар тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчлэх, асрах дөрвөн давхар эмнэлгийн барилгыг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт бариулахаар хөрөнгө оруулагчидтай уулзаж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бусан хотын “Тархины гэмтлээс үүдсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн төв” нь 0-19 насныхны хөдөлгөөнийг дэмжих, сургуульд дасан зохицоход дэмжих, 20-иос дээш насныханд сургалт, компьютерын мэдлэг, спорт, урлаг, соёл, насан туршийн боловсрол олгох, 40-өөс дээш насны ахмад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих, цогц тусламж үзүүлэхээс гадна бүх насныханд зөвлөгөө, туслах хэрэгсэл, эрхийн хамгаалал, өдрийн асаргаа үзүүлдэг. Өдөрт 350-400 хүн зорин ирж үйлчлүүлдэг бөгөөд өдөр тутамдаа олон төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлээд гэрт нь буцаана.

Биднийг тус төвөөр орох үед ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд ар гэр, сургагч багшийн хамтаар сургалтад хамрагдаж, урлагийн тоглолтод бэлтгэж, өдрийн эмчилгээ үйлчилгээгээ авч байлаа. Тус төвөөр тархины гэмтлээс үүдэлтэй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихэвчлэн үйлчлүүлнэ. Сүүлийн найман жилд 4.65 тэрбум воныг орон нутгийн хамтын сүлжээ, сайн дурынхан, хувь хүн, байгууллагуудаас босгожээ. Өөрөөр хэлбэл, сайн дурынхны хийгээд хандивлагч компаниудын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Хүн нэг бүртэй тулж ажиллаж, гэр бүлийг нь ч орхигдуулахгүй хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгодог гэлээ.

Урлаг, уран сайхан, спорт, аяллаар дамжуулан соён гэгээрүүлэх үүргээ ч орхигдуулдаггүй. Түүнчлэн, улсдаа хэрэгжүүлж буй энэхүү сайн жишгээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа тархины саажилттай хүмүүс ч хөгжих ёстой хэмээж хөгжиж буй улс орнуудыг хандивлагч байгууллагуудтайгаа холбох гүүр нь болж ажилладаг юм билээ. Энэ хүрээндээ Монгол Улс руу хандив илгээх, хамтарч ажиллах, нийгмийн сайн сайхны төлөө санхүүжилт гаргах компаниудтай холбох ажлыг мөн хийж эхэлжээ. Монгол Улстай эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар Бусан хотын 16 орчим компани, аж ахуйн нэгж саналаа ирүүлсний хоёр нь болох "NuEyne", "Live With" компаний төлөөлөлтэй Бусанд ажиллах үеэрээ бид уулзлаа. Тэд 2026 оны есдүгээр сард Эрүүл мэндийн сайд Э.Батшугартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг Монголд нийлүүлэх ажлаа эхлүүлжээ.

Үүний эхлэл болгож аутизмын эмгэгтэй хүүхдүүдийг эмчлэх, хиймэл оюунд суурилсан эмчилгээний төхөөрөмжийг АШУҮИС-ийн сургалт, судалгааны харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэгт хандивласан байна. Энэ тухайгаа "NuEyne" Хувьцаат компаний захирал Ким Ду Хёнг ярихдаа “Манай "NuEyne" компани нь "Live With" компаний төлөөлөлтэйгөө хамт хоёр сарын өмнө Монгол Улсад очсон. Монголд аутизмын эмгэгтэй хүүхдүүд эмчилгээ, үйлчилгээ авах боломж хомс юм билээ.

Эмчилгээний тоног төхөөрөмж байхгүй гэсэн мэдээлэл аваад энэ төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа. Аутизмтай хүүхдүүд эмч нь байхгүй ч манай компаний шинээр гаргасан хиймэл оюун ухаанд суурилсан эмчилгээний тоног төхөөрөмжийг ашиглаад эмчилгээ хийлгэх боломжтой. Манай тоног төхөөрөмжийг Солонгос улсад өргөнөөр ашиглаж эхэлсэн. АНУ-ын Эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангаж зөвшөөрлөө авлаа. Хайнаньд борлуулж эхэлсэн. Сингапурт худалдаалах эрхээ авахаар хөөцөлдөж байгаа. Монголд харин хандиваар хүргүүллээ. Цаашдаа дэлхийн бусад улс оронд худалдаална. Тархины мэдрэлийн судсыг идэвхжүүлэх үүднээс духанд нь нааж, шууд цочрол өгч эмчилдэг бүтээгдэхүүн юм” хэмээлээ.

"Та ымэду пангабгэ маннаюу"

“Кофечдын аз жаргалын орон” гэгдэх Бусаны “Haeundae” далайн эрэгт нар жаргахыг харж суух зууртаа энэ бүх ажлыг зогсолтгүй, амралтгүй хийсээр байгаа монгол залуусаараа бахархах, омогших сэтгэл эрхгүй төрж байлаа.

Өөрийн улсын хөгжлөөс хальж өөр улсын сайн сайхан, ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө ажиллах хүсэлтэй энэ мэт компани, аж ахуйн нэгжүүдийг эх орондоо урих, зуучлах ажлыг тууштай, тасралтгүй хийж буй Д.Баярсайхан, Х.Од шиг олон залуус эх орныхоо нэрийг олон ч улс оронд тод томруунаар гаргасаар яваа. Тэд бол чимээгүйхэн атлаа “чимээтэй” хөдөлмөрлөж буй шилдгүүдийн төлөөлөл юм. Болохгүй, бүтэхгүй гэж шүүмжилж суудаг бус болгож бүтээх гэж, боломжийг шүүрсээр яваа шилдэг, шинэ үеийн залуусын төлөөлөл. Тэдний дараа үеийнхэн ч эдгээр хөдөлмөрч залуусын гаргасан замаар л урагшаа явцгаана.

Монголын ирээдүй гэрэлтэй байгааг, монгол залуус эх орондоо ч салбар салбартаа манлайлж, ажиллаж, амьдарч буй улс болгондоо ч манлайлсаар явааг тэднийг магтаж, хүндэлж буй солонгосчуудын хандлага, харилцаанаас харж болохоор байлаа. Бид хүний нутагт дандаа болохгүй, бүтэхгүйгээр цоллуулж, муу муухай явдаггүй юм шүү. Жирийн нэг монгол залуу эх орон руугаа шууд нислэг явуулж, дөрвөн давхар эмнэлэг барих ажлыг эхлүүлж, монгол залуусыг тэтгэлгээр сургах зам гаргаад явж байна. Жирийн нэг монгол бүсгүй хэдэн зуун залуусыг гадны улсад сурахад чиг луужин нь болж, хоёр улсын соёл, эрүүл мэнд, боловсролын салбарт гүүр болж, хэлийг нь ус цас шиг сураад зогсохгүй хүний нутаг, гүний хошуунд Их сургуульд хүндэт доктор, профессор болтлоо үнэлэгджээ.

Манай Од, манай Баяраа гэх солонгос хүмүүсийн тэрхүү хүндлэл, хайр дараа, дараагийн олон монгол залууст урам, дэмжлэг болох нь гарцаагүй. Од, Баярааг таньдаг олон солонгосчууд монголчууд бол оюуны асар өндөр чадавхтай, харилцааны өндөр соёлтой, гайхалтай хөдөлмөрч хүмүүс юм хэмээн үнэлж буй нь мэдээж. Тиймдээ ч тэдэнд итгэж, тэднийг дагаж өөр нэг “стан” улс руу биш 3.5-хан сая хүн амтай Монгол Улсад чинь хөрөнгө оруулъя, хамтарч ажиллая, хандив тусламж илгээе, бүр эмнэлэг бариад өгье, соёл, урлагийг чинь улсдаа үнэгүй сурталчлаад өгье хэмээн уулзаж, учирч, үнэлж, хүндэлж буй нь тэр биз.

60 гаруй мянган монголчуудын хоёр дахь эх орон болсон Солонгос улсад очих бүртээ би шинийг ухаарч, мэдэж, мэдэрч, тэнд ажиллаж, амьдарч буй монголчуудаа илүү ихээр хайрлаж бас бахархах сэтгэл төрдөг юм. Хүний нутгийн чулуу нь хүртэл хатуу ч гэлээ монгол залуус түүнийг нь элэгдэж, зөөлөртөл арга эвийг нь олон амьдарч, цуцалтгүй хөдөлмөрлөж, хүн зоных нь итгэлийг хүлээж, хамтдаа урагшилсаар явна. Бүлтгэр хөөрхөн үрсдээ ч цаг гаргаж чадахгүй ажлын төлөө зүтгэж яваа ч тосоод угтах эх орондоо нүүр бардам эргэж очихсон, жижигхэн боломжийг ч шүүрч аваад эх оронтойгоо холбохсон гэсэн чин хүслээр ажиллаж буй нь хайрламаар.

“Надад энэ улсын иргэншилтэй болох боломж бий. Намайг болооч гэдэг л юм. Гэхдээ хэзээ ч иргэншлээ солихгүй ээ. Нэг л өдөр эх орондоо нүүр бардам очиж амьдарна аа. Тэр болтол хөгжиж, бүтээж, хөдөлмөрлөнө өө” хэмээн ярихыг нь сонсоод л самсаа шархирчихав. Залуус минь бүтээ, хөдөлмөрлө, зүтгээд бай. Байгаа газарт бүхэндээ хүндлэл, хайрыг нь төрүүлж, бахархал дүүрэн яваарай. Дүүрэн тэргэл саран нь туулж баралгүй хээр хонодог Монголын их тал нутаг чинь та нарыг бахархалтайгаар, цээж дүүргэх цэнгэг жавартай салхиараа шилбүүрдсээр баяр хөөртэй угтах өдөр хэзээ мөдгүй билээ. Тэр цагт эх орондоо, эх нутагтаа хайр дүүрэн уулзацгаая. Тэр болтол жинхэнэ солонгос хүмүүстэй Жонбүк муждаа, жаргаж, мандаж буй нар нь хүртэл үзэсгэлэнтэй Бусан хотдоо, өдөр бүхэн нь өөр хэмнэлээр урсах "завгүй" Сөүл, Инчон хотдоо өөр, өөрсдийн ажлаа тууштай, зүтгэлтэй хийж, өөр өөрсдийн түүхээ бүтээн аз жаргалтай, хамгийн гол нь эрүүл саруул амьдраарай. Дараа дахин баяртай уулзая /Та ымэду пангабгэ маннаюу/.