ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголд бол өөр л дөө

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-05-14

Манай А.Сүхбат аварга Америкт төрсөн бол одоо Майк Тайсон ч юм уу, Аллен Айверсон шиг татварын өрөнд орчихоод, гудамжинд лааз өшиглөөд ч явж байх юм бил үү, хэн мэдлээ. Эсрэгээрээ Майк Тайсон манайд төрсөн бол гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Монгол тулгатны 100 эрхмийн нэг, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд хийж байна биз, бодвол.

Ер нь Монголд бол өөр л дөө. Өөр зүйл өгүүлэхэд, сүмогийн их аварга М.Даваажаргал хэрэв Япон яваагүй байсан бол Үндэсний бөхөөр барилдчихсан, найраагаар начин болох гээд, эсвэл найраагаар начин “төрүүлэх” гээд л нударгадаа “гурван хуруугаа гозойлгоод” явж байж ч мэднэ. Тэгээд бас болоогүй ээ, хэвлэлийн хурал зарлаад л, Р.Нямдоржтой бөхийн өргөөг булаацалдаж байна биз. Мөн Майкл Фелпс манайд төрсөн бол усан сан олдохгүй, олдсон ч 25 метрийн бассейнд 50 метрийн бэлтгэл хийгээд цагаан хуудсаар олимпт орно байх.

Эсвэл бөх болчихоод олигтой амжилт үзүүлэхгүй зодог тайлах болов уу, яах бол. Б.Бат-Эрдэнэ аварга баруунд төрсөн бол юун хээгүй, гүндүүгүй аварга гэж магтуулах. Харин ч хувь хүнийхээ нээлттэй чанарыг гаргаж чаддаггүй, бүрэг, ноомой гээд загнуулж мэднэ. Ц.Шаравжамц гавьяат АНУ-д байсан бол байдаг л гозгоруудын нэг гудамж метрлээд л алхална байх. Монголд төрсөн нь яамай даа. Ядаж л юуны ч юм дарга. Аан харин алдарт жүдоч Тедди Ринер Монголд байсан бол Олон Улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин, “Бөртэ чоно”-ын шагналын 14 удаагийн эзэн, Хөдөлмөрийн болон Монгол Улсын баатар, Монгол тулгатны 100 эрхмийн нэг, УИХ-ын гишүүн, аль нэг яамны сайд, тусгай хамгаалалттай Богд уулын өмчлөгч болсон байна байх.