Шатахууны нийлүүлэлтийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "ШӨХТГ-тай хамтарч шатахуун колонкуудад хяналт шалгалт хийсэн. Яамнаас шалгаж байгаа, түүнээс шууд шаардлага тавих эрх байхгүй. Өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулалттайгаар дараалал үүсгэх зүйл явсан. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, шалгаж байгаа. Шунхлай, Содмонгол, Петровис, Монсуль, Синчи-Ойл, Газ-Ойл зэргээр АИ92 шатахууны түгээлт хийж байна. Бусад колонкод АИ92 байхгүй байна. Гэхдээ нөөц хангалттай бий" гэлээ.
Мөн "Монгол Улсын АИ92 бензиний дундаж хэрэглээ 53.000 тонн байдаг ч сүүлийн үед нэмэгдээд 60,000 тонн болсон. АИ92 бензиний нийлүүлэлт 100 хувь ОХУ-аас хамаардаг. Хятадаас АИ92 бензин авдаггүй. Арванхоёрдугаар сард нийт 71.000 тонн АИ92 бензинийг ОХУ-аас захиалснаас өнөөдрийн байдлаар 52.000 тонн АИ92 орж ирсэн байна. 52.000 тонн АИ92 манай улсад хэдийн орж ирээд, гаалийн бүрдүүлэлт хийгээд буусан тоо. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс 253 вагон АИ92 бензин ачигдаад Монгол руу ирж явна.
Манай дундаж хэрэглээнээс 10.000 тонноор илүү АИ92 бензин энэ сард багтаж орж ирнэ гэдгийг иргэддээ хэлье. АИ92 бензинийг Наушик буюу хил хүртэл 705 ам.доллароор нийлүүлж байгаа бөгөөд таван жилийн урт гэрээтэй. Евро-5 стандартын 92 бензин нэг литр нь 2940 төгрөгөөр зарагддаг. Уг бензинийг 872 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 825 ам.доллар болж буурсан сайн мэдээтэй. АИ95 бензинийг 880 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 837 ам.доллар болж, үнэ буурсан байгаа" хэмээн мэдээлэв.