ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхий дахинд 2023 онд тохиолдсон 10 гамшигт үзэгдэл

O.Admin
2023-12-28

Доор дурдагдах арван гамшигт үзэгдэлд олон хүн амь насаа алдаж, их хэмжээний хохирол учруулсан үйл явдал тохиолдсон хэдий ч дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхааралд төдийлөн өртөж чадаагүй томоохон үйл явдлууд юм.

Тийм ч учраас Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэг-Гамшиг, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний сан  нь (IFRC-DREF) шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн механизмтай бөгөөд том, жижиг бүх төрлийн гамшиг, ослын үед хурдан шуурхай санхүүжилтын асуудлыг удирдлага, зохицуулалтаар хангадаг юм.

Эквадор улсад тохиолдсон Эль Нино үзэгдэл

2023 оны сүүлчээр Эквадор улсын арлын эрэг орчим Эль-Нино үзэгдлийн улмаас үүссэн хүчтэй аадар борооны улмаас үер буужээ. Аз болоход нөлөөлөлд өртсөн иргэд байгалийн аюулт үзэгдэл болохоос өмнө бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ ачаар даван туулсан байна.

Эль-Нино үзэгдлийн нөлөөллийг анх урьдчилан таамаглаж, мэдээллэх үеэс эхлээд Засгийн газрын байгууллагуудаас болзошгүй аадар борооны аюулаас урьдчилан сэргийлэх нь үндэсний нэн тэргүүний зорилт гэж мэдэгдэж байж. Эрсдэлтэй бүсийн 1000 орчим өрх айлыг  ундны ус, хог хаягдлын зохистой менежмент, хоол хүнс, урьдчилан сэргийлэх бусад олон арга хэмжээнүүдийг хангах зорилгоор санхүүжилт олгосон байна.

 Зимбабве Улсад холерын дэгдэлт гарчээ

Орон нутгийн болон бүс нутгийн хэмжээнд дэгддэг олон тахал өвчний нэгэн адил 2023 онд Зимбабве Улсад гарсан холер өвчний дэгдэлт олон улсын анхаарлыг төдийлөн татсангүй. Энэ нь 2023 оны хоёрдугаар сард эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл тус улсын 10 мужийн 41 дүүрэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэг нь Зимбабве улсын Улаан загалмайн нийгэмлэгийн ажлыг дэмжих шуурхай уриалга гаргасан ба үүнээс өмнө IFRC-DREF 500,000 швейцарь франкийг 141.257 хүнд эрүүл мэнд, ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, нөлөөлөлд өртсөн гол бүс нутгуудад тусламж үзүүлжээ.

Энэхүү тусламж нь холер өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, халдвар дамжих гинжин сүлжээг таслан зогсоох, тохиолдлын бүртгэлийн менежментийг сайжруулах, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн арга зүй, ундны усны хүртээмжийг сайжруулах зорилгоор олгогдсон байна.

Босни-Герцеговина дахь үер

Босни Герцеговин Улсын баруун хойд хэсэгт 2023 оны тавдугаар сарын дундуур хүчтэй аадар бороо орж, их хэмжээний үер бууж, олон зуун оршин суугчид орон байргүй болж, орон нутгийн дэд бүтцэд их хэмжээний хохирол учирчээ. Мөн үерийн улмаас тариалангийн талбай сүйдэж, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ажиллах боломжгүй болсон байна. Европ дахь хамгийн бага орлоготой бүс нутгийн нэг буюу орон нутгийн гол эдийн засгийн эх үүсвэр нь хөдөө аж ахуйн салбараас бүрддэг ба бүс нутгийн орлогын гол салбарт хүнд цохилт болжээ. IFRC-DREF нь 126.504 швейцарь франкыг Боснийн Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан 1500 хүнд мөнгөн тусламж, нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эрүүл ахуйн хангамжийг түгээх, эрүүл мэндийн мэдээлэл түгээх зэрэг олон төрлийн тусламжийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн хуваарилсан аж.

Мөргөлдөөн, ган гачиг дээр үүссэн хар салхи, үерийн аюулт үзэгдэл

Йемен Улсын гамшигт өртсөн иргэдийн тоо маш өндөр байсан бөгөөд өргөн цар хүрээг хамарсан юм. 2023 оны 10 дугаар сард тус улсыг дайран өнгөрсөн халуун орны хар салхины талаар дэлхий нийтэд бараг мэдэгдээгүй. Халуун орны Теж хар салхи аравдугаар сарын 23-нд шилжих шөнө Аль-Махрах мужийн өмнөд эрэгт хүрчээ. Циклон нь их хэмжээний аадар бороо дагуулж, олон тооны дэд бүтцэд сүйрэл учруулж, ард иргэдийг нүүлгэн шилжүүлж, олон хүний амь нас эрсдсэн. IFRC-DREF нь Йемен улсын Улаан хавирган сар нийгэмлэгийн хариу арга хэмжээг нэн даруй удирдан зохион байгуулж, дүрвэгсдийг хүлээн авагч орон нутгийн удирдлагуудад мэдээлэл хүргүүлэх, буцаж ирсэн хүмүүс, цагаачид/дүрвэгсдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 281.000 швейцарь франкын тусламж үзүүлжээ.

Fires in Chile Чили улсад гарсан түймэр

2023 оны хоёрдугаар сард хүчтэй салхи, хэт халалтын улмаас Чилийн төв болон өмнөд хэсэгт олон арван ой, хээрийн түймэр гарч, хүний амь нас эрсдэж, их хэмжээний хохирол учирчээ. Тэд 2022 оны 12 дугаар сард Вина-дель Мар хотын эргэн тойронд тархсан ой, хээрийн түймрийн хор уршгийг арилгахад IFRC-DREF-ийн санхүүжилтээр Чилийн Улаан загалмайн нийгэмлэг 5000 гаруй хүнд дэмжлэг үзүүлсэн байна. Ажилтнууд болон сайн дурын багууд эмнэлгийн тусламж үзүүлж, бэлэн мөнгө тараасан бөгөөд ингэснээр хүмүүс нэн шаардлагатай зүйлээ худалдаж авах боломжтой болжээ.

Габон дахь үхлийн аюултай Марбург өвчний дэгдэлт

2023 оны  хоёрдугаар сарын эхээр Экватор улсын Гвинейн хотын удирдлагаас цусархаг халууралтын шинж тэмдэг илэрсэн есөн хүн нас барсан тухай мэдээлсэн бөгөөд ДЭМБ тус улсад Марбургийн өвчний тархалт гарч байгааг баталсны дараахан мэдээлсэн байна. Габон хотын Улаан загалмайн нийгэмлэг, тус улсын Засгийн газарт урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хувь нэмрээ оруулж, тавдугаар сарын 15 гэхэд тахал өвчнийг бүрэн дарсан байна. Яаралтай тусламжийн 140.000 швейцарь франкын санхүүжилтийг Габоны Улаан загалмайн нийгэмлэг Марбургийн өвчин болон бусад дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэхийн тулд мөн дайчлагдсан ажилтнуудын дунд илэрсэн сэжигтэй тохиолдлыг хурдан илрүүлж, тархалтыг урьдчилан тандалт судалгаа хийх, эрүүл мэндийн салбартай хамтран хариу арга хэмжээ авахад бэлтгэхэд ашиглаж байна.

Арменид хүчтэй мөндөр оржээ

2023 оны 6 дугаар сард Армени улсын нийт бүс нутагт хүчтэй мөндөр орж, их хэмжээний хохирол учирчээ. Урд хөршид хилийн ойролцоох хөдөө орон нутагт их хэмжээний хур тунадас орж, бохир усны шугам эвдэрч, гудамж, байшин усанд автаж, зам, гүүр зорчих боломжгүй болсон байна. Мөндөр үргэлжлэн орж, үерийн гамшигт үзэгдэл үүсэж барилга, байшин, цэцэрлэг, мал аж ахуй, хүнсний нөөцөд ихээхэн хохирол учирсан. IFRC-DREF нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгч, амьжиргаагаа алдсан гэр орон нь маш их хохирол амссан 2390 хүнд туслах Арменийн Улаан загалмайн нийгэмлэгийг дэмжих зорилгоор 386.194 швейцар франкын яаралтай санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Бенин дэх иргэдийн бослого

Дэлхий даяар хүмүүс хүчирхийллээс зугтаж байгаа олон зуун газар байдаг бөгөөд энэ талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тун ховор мэдээлдэг. Энд нэг жишээ дурдахад, сүүлийн гурван жилийн хугацаанд Сахел муж дахь төрийн бус зэвсэгт бүлэглэлүүд Буркина Фасогийн Бенин, Тоготой хиллэдэг бүсэд нэмэгдэж, олон мянган хүнийг гэр орноо орхиход хүргэжээ IFRC-DREF нь Бениний Улаан загалмайн нийгэмлэгийг Бенин дэх дүрвэгсэд болон хүлээн авагч олон нийтэд туслахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 259.928 CHF хуваарилсан байна. Энэхүү тусламжийг хамгийн эмзэг бүлгийн өрхүүдэд нэн даруй хоол хүнс, эд материалын тусламж үзүүлэхэд зарцуулж, 3000 хүний ойрын хэрэгцээг (орон байр, ундны усны хүртээмж, гэр ахуйн үндсэн хангамж) хангажээ.

 Монгол орны хүчтэй цасан шуурга

2023 оны 5 дугаар сарын 19-нд Монгол Улсын говийн бүс нутгийн зарим аймгуудаар хүчтэй цасан шуурга шуурч, хүчтэй салхи шуурсны улмаас 124 хүн малчид малаа дагаж яваад сураггүй алга болсон байна. Нийт 122 хүн эсэн мэнд олдсон ч харамсалтайгаар 2 хүн амь насаа алдсан. Мөн дэд бүтцийн салбарт их хэмжээний хохирол учирсаны дотор цахилгааны 22 дэд станц нурж, хэд, хэдэн аймагт тог цахилгаан тасарчээ. 150 гаруй өрх айлын гэр эвдэрч сүйдэж, олон тооны толгой мал хорогджээ. Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэг болон Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс 3400 хүнд орон байр, мөнгөн тусламж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 337.609 швейцарь франкын санхүүгийн дэмлэг үзүүлжээ.

Уругвай Улсад тохиолдсон ган

Уругвайд 2022 оны есдүгээр сараас хойш хур тунадас ороогүй, зуны улиралд хэт халалтын улмаас ган гачиг болж, Уругвайн Засгийн газраас онц байдал зарлахад хүрчээ. Засгийн газар Уругвайн Улаан загалмайн нийгэмлэгээс гангийн аюулт үзэгдэлд хэрэгцээний үнэлгээг хийхэд дэмжлэг үзүүлэхийг албан ёсоор хүссэн бөгөөд ингэснээр иргэд болон хөдөө аж, ахуйн салбарын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг тогтоосон байна. IFRC-DREF-ийн санхүүжилтээр Уругвайн Улаан загалмайн багууд ган гачиг аюулт үзэгдэлд өртсөн иргэдийн эрүүл мэнд, амьжиргаа, ундны усны хүртээмжид хэрхэн нөлөөлж байгаа талаар 1300 гаруй өрх айлтай ярилцлага хийж, тэдний олж мэдсэн зүйл нь ган гачигт нэрвэгдсэн хүмүүсийн бодит хэрэгцээг харгалзан Засгийн газарт илүү мэдээлэлтэй шийдвэр гаргахад тусалжээ.

Эх сурвалж: https://www.ifrc.org/article/radar-ten-disasters-2023-youve-likely-never-heard