Өчигдөр буюу энэ сарын 2-нд Токио хотын Ханэда нисэх онгоцны буудалд Японы иргэний агаарын тээврийн 516 нислэгийн дугаартай зорчигч тээврийн онгоц эргийн хамгаалалтын албаны онгоцтой мөргөлдөж шатсан билээ.
Ослын улмаас Японы эргийн хамгаалалтын албаны таван хүн нас барж, ахмад нь хүнд гэмтэн эмнэлэгт хүргэдсэн бол зорчигч тээврийн онгоцонд байсан 379 хүнийг гурван гарцаар бүгдийг нь эсэн мэнд онгоцноос гаргасан. Аврах ажиллагааны явцад 14 хүн гэмтсэн гэдгийг орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.
Тэгвэл уг осолд холбогдуулан одоогоор Ханэда нисэх онгоцны буудлын нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвийн хяналтын ажилтныг шалгаж эхэлжээ. Тодруулбал, ослын өмнө хяналтын ажилтан Японы зорчигч тээврийн онгоцонд буух зөвшөөрөл өгсөн атлаа, эргийн хамгаалалтын албаны онгоцонд ч буух зурвас руу явах зааварчилгаа өгсөн нь тодорхой болоод байгаа аж.
Японы Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл өнөөдрөөс бүрэн хэмжээний мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлж, тухайн үеийн нөхцөл байдал, тэр дундаа нислэгийн удирдлагын төвийн хариуцсан ажилтнуудын нөхцөл байдлыг нарийвчлан судлахаар болсон байна. Осол болох үед Эргийн хамгаалалтын албаны онгоцонд зургаан хүн байжээ. Гэвч, 27-56 насны таван хүн нас барж, онгоцны ахмад 39 настай Мияамото Гэнки хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ.
Нөгөө талд, 516 нислэгийн дугаартай зорчигч тээврийн онгоцонд байсан 379 хүнийг гурван гарцаар зэрэг гаргаж, бүгдийнх нь амийг аварч чадсан бөгөөд аврах ажиллагааг 90 секундад явуулж чадсан юм.