ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тог тасрав, ой тохиов

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-09-17

Японд далайн хүчтэй хар салхи болсны улмаас Монголд тог тасарлаа. Тиймээс энэхүү тог тасарсан явдалд IV цахилгаан станц болон Эрчим хүчний яам ямар ч буруугүй болохыг үүгээр илэрхийлье. Мөн тог тасарсан явдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл байсан бөгөөд гамшиг гэдгийг хариуцлагатайгаар уламжилж байна. Японд болсон далайн шуурганы улмаас цунами үүсэж олон хүн үхэж үрэгдэх аюул тулгарсан учир Монголд урьдчилан сэргийлж тог тасрах үеэр халуун, хүйтэн усыг ч мөн хязгаарласан болно.

Энэ бол холбогдох яамны зүгээс авч хэрэгжүүлсэн, цагаа олсон, яаралтай арга хэмжээ байсныг цохон тэмдэглэе. Нэг жилд дэлхийд иймэрхүү хэмжээний далайн хар шуурга маш олон болдог бөгөөд дахин далайн хар шуурга гарсан тохиолдолд Монголд урьдчилан сэргийлэх үүднээс тог, ус тасарч байхыг анхааруулж байна. Тиймээс та бүхэн дор бүр бэлтгэл ажлаа сайн хангаж айл бүхэн лаа, чүдэнз, газ зэргийг бэлдэж, бэлтгэлтэй байхыг хүсье. Мөн айл бүр ус нөөцөлж байхад гэмгүй бөгөөд автомашинтай айлууд бензин, утастай хүмүүс повер банкаа цэнэгээр дүүрэн байлгаж гамшгийн үеийн бэлэн байдлаа хангахад анхаарна уу. Энэ өвөл халуун орны бүс нутагт урьд жилүүдийнхээс илүү далайн шуурга болох төлөвтэй байгаа тул байн, байн тог тасрах болно. 

Дашрамд дурдахад энэ жил V цахилгаан станц баригдана гэж яригдсаны 20 жилийн ой, Эгийн голын усан цахилгаан станцын шав тавьсны 15 жилийн ой тохиож буй тул нийт эрчим хүч хэрэглэгч иргэддээ ойн баярын мэнд хүргэе. Эл баярыг тохиолдуулан 30 жил ээлж дараалан төр барьсан МАН, АН-ын нийт гишүүддээ, үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүддээ, салбарын яам, бүхий л инженер, техникийн ажилчид баярын мэнд хүргэж, та бүхэнд болон гэр бүл үр хүүхдүүдэд чинь  гэрэл гэгээтэй бүхнийг хүсэн ерөөе. Цаашид V дугаар цахилгаан станц барина гэж яригдсаны 50, 60, 70 жилийнхээ ойг өргөн дэлгэр тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна.