ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Путиныг эсэргүүцсэнийхээ дараа учир битүүлгээр нас барсан хүмүүс

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-27

ОХУ-ын Засгийн газрыг, Кремлийг, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг эсэргүүцэж, сөрсөнийхөө дараа учир битүүлгээр нас барсан хүмүүсийн жагсаалт уртаас урт хөвөрнө. Хамгийн сүүлийнх нь Алексей Навальный.

Тэрээр, Кремлийг сөрж, албан тушаалтнуудын авлигын гэмт хэргийг жигшиж, эсэргүүцлийн жагсаал цуглааныг зохион байгуулсан хэргээр ял сонсож, ялаа эдэлж байх хугацаандаа учир битүүлгээр нас барсан юм. Тодруулбал, энэ сарын 16-нд өглөө алхаж байхдаа гэнэт ухаан алдаж, нас барсан байдаг. Түүний үхэл В.Путин дахин Орос улсыг зургаан жил удирдах сонгуулиас өмнө болсноороо олон улсын анхаарлыг татаж байгаа юм. 

Ингээд В.Путиныг ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи 25 жилийн хугацаанд учир битүүлгээр нас барсан түүнийг эсэргүүцэгсэдийг уншигчдадаа танилцуулахаар бэлтгэлээ.

1. Евгений Пригожин онгоцны ослоор нас барав

In a video released on May 5, Yevgeny Prigozhin stands in front of multiple bodies lying on the ground that he said were dead Wagner fighters and berates the Kremlin for lack of support.

Евгений Пригожин Украинтай дайтаж буй ОХУ-д дотоододоо цэргийн бослого гаргах дөхсөн хөлсний цэргийн “Вагнер” группын удирдагч юм. Тэрээр, 2023 оны тавдугаар сарын 5-нд нэгэн бичлэгийг нийтэлж байсан. Тэрхүү бичлэгт амь үрэгдсэн "Вагнер"-ийн цэргүүдийн цогцсыг харуулсан бөгөөд тухайн үед Кремлийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байлаа. Улмаар Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулахаас татгалзаж, Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаагаа цуцалсан.

Дараа нь зэвсэгт бослого гаргахыг оролдож, түүний зэвсэглэсэн цэргүүд Москва руу 200 км ойртож, тухайн үедээ л дуулиан тарьж байв. Гэвч, зургаадугаар сарын 24-нд Беларусын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийсний дүнд Пригожин Белурас явах болж, цэргүүдээ хуаран руу нь буцаасан. Ингэхдээ цэргүүдийг нь ял шийтгэлгүй үлдээж, зэвсэгт бослогын хэргийг хэрэгсэхгүй болгох тохиролцоо хийсэн байдаг.  Бослого ингэж төгссөн ч үүнээс хоёр сарын дараа Е.Пригожин онгоцны ослоор таалал төгссөн билээ. Зарим гэрчийн мэдээлснээр онгоц сүйрэхээс өмнө хоёр удаа тас хийх чимээ сонсогдсон гэдэг.

Дашрамд дурдахад, Евгений Пригожин АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн тролл армиас эхлээд Сири, Украин дахь хөлсний цэргийн арми хүртэлх онц ноцтой хэргүүдийн ард байснаа удаан хугацааны турш нууцалсаны эцэст гэнэт л ярьж эхэлсэн байдаг. Түүнийг "Путины тогооч" хэмээдэг байв. 

2. Сергей Юшенков Москва дахь гэрийнхээ өмнө буудуулав

2003 оны дөрөвдүгээр сарын 17-нд ОХУ-ын ахмад улстөрч, Кремлийн эсрэг Либерал Орос намын удирдагч Сергей Юшенков Москва дахь гэрийнхээ өмнө буудуулж, нас барав. Түүний Кремлийг хилэгнүүлсэн шалтгаан нь 1999 онд болсон дэлбэрэлтийг нөхөн шалгасан явдал байв.

Уг дэлбэрэлт ОХУ-Чечений хоёрдугаар дайн идэвхжих нөхцөл болсон билээ.  Тухайн үед  Оросын эрх баригчид Чечений террористууд Москва дахь орон сууцны барилгыг дэлбэлж, 300 хүн аминд хүрсэн гэх үндэслэлээр Чечень рүү өргөн фронтоор дайралт хийж, хүүхэд хөгшдийг ялгахгүй хядаж, хоёр сарын дотор өөрийн хяналтаа тогтоосон байдаг юм. Харин Сергей Юшенков өөр бодолтой байв. Тэрээр уг дэлбэрэлтэд Чечений террористууд бус ОХУ-ын цэргийн тусгай алба холбоотой байж магадгүй гэж сэжиглэн, мөрдөн шалгах багийг ахалж байсан ч учир битүүлгээр буудуулан нас барсан билээ.

3. Анна Политковская байрныхаа цахилгаан шатанд алагдав

ОХУ-ын хамгийн алдартай сэтгүүлчдийн нэг, Чеченийн хүний эрхийн төлөө тэмцэгч Анна Политковская 48 насандаа Москва дахь орон сууцныхаа цахилгаан шатанд буудуулж алагдав. Уг хэрэг 2006 оны аравдугаар сарын 7-нд гарсан бөгөөд 2014 онд ОХУ-ын шүүх түүний аллагын хэрэгт таван хүнийг ялласан.

Гэхдээ аллагын захиалагчийг илрүүлээгүй. Одоо ч барууныхан болон талийгаач сэтгүүлчийн ар гэрийнхэн уг хэрэгт Чечений удирдлага эсвэл В.Путины Засгийн газар оролцоотой гэж сэжиглэдэг. Политковская тухайн үед Кремлийн эрх баригчдын бодлогыг хатуу шүүмжилдэг, Чеченийн удирдагч Рамзан Кадыровын хууль бус үйлдлүүдийг удаа дараа илчилж байсан юм. Тэр бас Ерөнхийлөгч Владимир Путиний хэрхэн засгийн эрхийг авсан түүхийн талаар ном бичиж байжээ.

4. Александр Литвиненког Лондонд хордуулж хөнөөв

2006 оны арваннэгдүгээр сарын 23-нд Оросын тусгай албаны ажилтан асан Александр Литвиненког Лондонд полиниум-210 гэх бодист хордуулж, хөнөөсөн юм. Тэрээр, улстөрч Борис Березовскийг хөнөөх тушаал авсныхаа дараа уг хэргийг илчилж, Лондон руу гэр бүлийн хамт зугтаасан. Үүнээс гадна Владимир Путиний нэр хүндийг өсгөх, Засгийн эрхэнд гаргахын тулд Оросын тусгай албад 1999 онд Орос дахь орон сууцны барилгуудыг дэлбэлсэн /Чечень-ОХУ-ын хоёрдугаар дайн/, мөн бусад террорист халдлагыг ч зохион байгуулсан гэдгийг илчилж байв.

Энэ мэт аймшигт хэргийг ил болгосныхоо дараа Лондонд толгой хоргодсон Александр Литвиненко нэгэн зочид буудалд Андрей Луговой, Дмитрий Ковтун нарын оросуудтай уулзах үедээ хортой цай ууж алагджээ.  Түүний уусан цайнд илрүүлэхэд түвэгтэй полиниум-210 бодисыг хийсэн нь тогтоогдсон аж.

5. Тэмцэгч Наталья Эстемировагийн цогцос толгойн тус газраа буудуулсан байдалтай олдов

Хүний эрхийн төлөө тэмцэгч Наталья Естемирова Чечений нийслэл дэх гэрийнхээ ойролцоогоор хулгайлагдаж, дараа нь толгойн тус газраа хоёр буудуулсан байдалтайгаар цогцос нь олдож байв. Энэ бол 2009 оны долдугаар сарын 16-нд болсон хэрэг. Амиа алдахын өмнө тэрээр хүн хулгайлах, хүний амь бүрэлгэх зэрэг олон зуун хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй хэргүүдийг шалгаж байв.

Наталья Естемировагийн үхэлд хамгийн эхэнд Чечений ерөнхийлөгч Рамзан Кадировыг захиалга өгсөн байж магадгүй хэмээн сэжиглэж байсан юм. Учир нь амьд байхдаа Наталья Естемирова түүнийг  хурцаар шүүмжилж иржээ.

6. Сергей Магнитский зодуулж, өвчний улмаас нас барав

2009 оны арваннэгдүгээр сарын 16-нд Оросын хуульч Сергей Магнитский нь өнгөрсөн 2009 онд Оросын хэсэг албан тушаалтнуудын татварын хөнгөлөлт эдлэх нэрээр 230 сая ам.доллар мөнгө угаасан хэргийг нотлохоор оролдсоныхоо төлөө бүтэн жил шоронд хоригдож, эцэст нь нойр булчирхайн өвчнөөр нас барсан юм.

Сергей Магнитский шоронд хоригдож байхдаа өвдөж эмнэлгийн тусламж авахаар удаа дараа холбогдох албаныханд хандсан боловч тэд түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхийг татгалзсан байдаг. Үүнээс гадна нас барахынхаа өмнө зодуулсан гэх мэдээлэл ч бий. Түүнийг өвчнөөр нас барсны дараа Оросын шүүх урьд өмнө хэзээ ч байгаагүй шүүх хурал хийж, олны анхаарлыг татаж байв. Тодруулбал, Магнитский нас барсан байтал түүнийг татвараас зайлсхийсэн хэргээр шүүж, буруутай гэх шийдвэр гарган олны нүдийг орой дээр нь гаргаж байлаа.

8. Борис Немцов гүүрэн дээр буудуулав

2015 оны хоёрдугаар сарын 27-нд 1990-ээд оны улс төрийн од, шинэчлэгч, мөн В.Путиныг эсэргүүцэгч гэдгээр танигдсан Борис Нямцов 55 насандаа Кремлий ойролцоох гүүрэн дээр алхаж явахдаа буудуулж нас барсан юм.

Тэрээр В.Путины Украины эсрэг түрэмгийллийг шүүмжилж, засаглалыг нь “дарангуйлал”-ын хэмээн тодотгодог байв. Үүнээс гадна ОХУ-ын өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг илчилж, Засгийн газрын эсрэг жагсаалуудыг толгойлж байлаа. Амиа алдах үедээ Москва хөрш, зэргэлдээх улсын хэрэгт хөндлөнгөөс хэрхэн оролцдогийг нарийвчлан харуулсан тайланг гаргахаар ажиллаж байжээ.