ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 57 хувьтай байна

O.Admin
2024-03-05

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Дамбадаржаа орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа.

Дамбадаржаа бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүсийн нэг юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан, газар чөлөөлөлт, барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ. Дамбадаржаа дэд төвийн хувьд бүтээн байгуулалт нь 57 хувьтай байна. Цаашид зургаан дэд төвд түшиглэн Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлнэ” хэмээлээ.

Улс болон нийслэлийн төлөвлөлтийг бүх шатны нэгж хамтран хийх хэрэгтэй тул анхан шатны нэгжид ажиллаж буй албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсох нь чухал болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Сүхбаатар дүүрэгт 39,984 өрхийн 141,537 иргэн амьдарч байна. Анх 1965 онд байгуулагдсан бөгөөд 20 хороо, 20,800 га газар нутагтай. Тус дүүргийн 1-8 дугаар хороо орон сууц, 9-11 дүгээр хороо гэр, байшин хороолол хосолсон, 12-16 дугаар хороо гэр хороолол бүхий хороо бол 17-20 дугаар хороо нь бүхэлдээ зуслангийн бүс юм.

Хороодод оршин суух хүн амын тоо нэмэгдэж, төрийн бүх төрлийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай болоод байгаа тул нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх нь чухал болохыг уулзалтад ирсэн албан хаагчид хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС