ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Малайзын төрд хохирол учруулсан баримт ил болжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-03-15

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн авлигын хэргийн шүүх хурлын үеэр Монголын Ерөнхий сайд асан Сү.Батболд болон түүний хүү Малайзын төрийн өмчийн компаниас их хэмжээний мөнгийг оффшор компаниар дамжуулан авсан баримт ил боллоо.

Малайзын Сангийн яамны 100 хувь харьяа,  төрийн өмчит стратегийн хөгжлийн 1MDB компани 2011 оны нэгдүгээр сард SRC International гэх компанийг байгуулжээ. Уг компанийг тэтгэврийн сан болон бусад сангуудаас санхүүжүүлсэн бөгөөд ашигтай төсөлд хөрөнгө оруулах чиг үүрэгтэй компани юм байна.

Гэтэл хэд хэдэн “хачин” гүйлгээ хийж, Малайзын ард иргэдийн боломжоос хулгайлж, алдагдал хүлээсэн нь яг одоо Нажиб Разакийн шүүх хурлын үеэр дурдагдаж байгаагийн дотор монголчуудад хамааралтай хоёр төрлийн мөнгөн шилжүүлгийн баримт хөндөгджээ. Эхний гүйлгээ нь амжилтгүй болсон нүүрсний хөрөнгө оруулалт.

SRC International АНЭУ-ын Аабар гэх компанитай 50, 50 хувийн эзэмшилтэй хамтарсан Aabar-SRC Strategic Resources Limited (ASRC) компанийг 2011 оны арваннэгдүгээр сарын 3-нд байгуулж, 2011 оны арванхоёрдугаар сарын 8-нд ойролцоогоор 91 сая ам.доллараар Gobi Coal & Energy Limited (GCE) компанийн 14 сая хувьцааг худалдаж авчээ.

Мөн ямар ч ТЭЗҮ, нотлох баримтгүйгээр Монголын нүүрсний салбарт 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус төслийг Монголын талаас Gobi Coal & Energy Limited (GCE) компанитай хамтран хэрэгжүүлэх байсан ч, ямар ч үр өгөөж хүртээгүй, ерөнхийдөө нам зогсжээ.

Харин хоёр дахь нь Ерөнхий сайд асан Сү.Батболд, түүний хүү Б.Баттүшигтэй холбоотой.

Тодруулбал, нүүрсний дээрх хөрөнгө оруулалтаас 20 гаруй хоногийн дараа буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 27-нд SRC International компанийн данснаас 15 сая ам.долларыг Виржин аралд бүртгэлтэй байсан Muraset Limited гэх компани руу шилжүүлсэн байна. Энэ компани нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой бус оффшор компани байсан.

Muraset Limited компанийн захирал нь Чон Чу Ян. Энэ нэр монголчуудад танил сонсогдож буй болов уу. Учир нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын оффшор компаниудтай энэ хүний нэр ч холбогдож байдаг билээ. Чон Чу Ян бол Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Сү "Grandcastle Assets Limited" компаниар дамжуулан Muraset Limited компанийг хянадаг байсан нь  тогтоогдсон байна. Сү.Батболд, Чон Чу Ян нар нь Grandcastle Assets Limited компани дээр ч нэгдмэл сонирхолтой.

Ингээд Малайзын төрийн өмчийн компаниас Muraset Limited компани руу шилжсэн мөнгөний ихэнх нь буюу 14.9 сая ам.доллар Сү.Батболдын компани болон түүний хүү Б.Баттүшиг нарын хэд хэдэн хүний дансанд орсныг Британийн санхүүгийн мөрдөн байцаах шинжээч Анжела Баркхаус шүүхэд танилцуулжээ.

 “Muraset Limited” компаниас монголын улс төрчид рүү мөнгө шилжүүлэхдээ

Дашийн Уранбилэг гэх хүнд хоёр сая ам.доллар,

Сү.Батболдын хүү Б.Баттүшигт 40 мянган ам.доллар,

Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Muraset Limited компанийн захирал Чон Чу Ян руу 4.5 сая ам.долларыг,

Чон Чу Яны гэргий Ким Хак Сон руу 1.4 сая ам.доллар шилжүүлснийг шинжээч тогтоосон байна. Үүнээс гадна Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшдэг "Infinite Properties Limited" компанид 4.54 сая ам.доллар,

 "Bophut Investments Limited" компанид 2.5 сая ам долларыг тус тус шилжүүлжээ.

SRC International компаниас тухайн үед шилжүүлсэн өөр хэсэг мөнгө одоо олон улсад эрэн сурвалжлагдаж буй санхүүч Жо Лоутай холбоотой компанийн дансанд орсныг Баркхаус бас мэдээлсэн байна. Жо Лоу нь 1MDB компанид албан тушаал хашдаггүй ч Нажиб Разакын засгийн газрын үед тус компаниас $4.5 тэрбумыг луйвардсан хэрэгт буруутгагдаад буй хүн юм. SRC компанийн шинээр томилогдсон удирдлага 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр ерөнхий сайд асан Нажиб Разакын эсрэг гомдол гаргасны дагуу дээрх шүүх хурал болж байна.

Malaysia to Charge Former PM Najib, Ex-Treasury Head in Graft Probe