Сайд Ц.Даваасүрэн Бүгд Найрамдах Финланд Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Финландын Хүрээлэн буй орчны яамны Байнгын нарийн бичгийн дарга /Дэд сайд/ Юхани Дамски-тай 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Финланд Улс нь хүн ам болон цаг уурын хувьд Монгол Улстай ижил төстэй бөгөөд дэвшилтэт технологийг нэвтрүүлж чадсан сайн туршлагаа хуваалцаж, бие даасан дулаан хангамж, хотуудын хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон барилгын норм, дүрэм, стандартыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа Финландын талд илэрхийлэв.
Бүгд Найрамдах Финланд Улсын Хүрээлэн буй орчны яамны Байнгын нарийн бичгийн дарга /Дэд сайд/ өөрийн улсын хүйтэн цаг агаарын нөхцөлд тохирсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан бие даасан инженерийн шугам сүлжээний сүүлийн үеийн дэвшилтэт технологийг амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцахад бэлэн гэлээ.
Мөн айлчлалын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Хельсинки хотноо сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тэргүүлдэг Granlund, Planora, Oilon, Stready Energy зэрэг хувийн хэвшлийн төлөөлөгч нартай дугуй ширээний уулзалт зохион байгуулж, Монгол Улсад тохирсон дэвшилтэт технологи, зөвлөх үйлчилгээний талаар санал солилцлоо. Энэ үеэр сайд Ц.Даваасүрэн Орхоны хөндий дэх Шинэ Хархорум хот байгуулах төсөлд техник эдийн засгийн үндэслэл боловсруулах болон зөвлөх үйлчилгээ авах нээлттэй тендерт орохыг урив.