Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь сувилагчийн дутагдалтай орон тоог нөхөх зорилгоор олон арга хэмжээ авч байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн шинээр төгссөн залуу сувилагч нарт зориулсан "Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс" уриатай гурван сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, 27 сувилагчийг эгнээндээ нэгтгэсэн юм.
Энэ онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх бөгөөд тус төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төгсөх дамжааны оюутнуудтай уулзалт хийж, ЭХЭМҮТ-д ажиллах хүсэлт гаргасан 20 оюутанд батламж гардууллаа.
Ш.Алтантуяа захирал тэтгэлэгт хөтөлбөрийнхөө талаар "Дэлхий нийтэд сувилагч мэргэжилтэн эрэлттэй байгаа. Манай эмнэлэгт ч сувилагч дутагдалтай. Бид хүний нөөцийн хомсдолыг арилгах үүднээс олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь "Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс" тэтгэлэгт хөтөлбөр юм. Хүний нөөцийг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх зорилготой уг хөтөлбөрт 27 сувилагч, эх баригч хамрагдаж бидний эгнээнд шилжээд байна. Бид сувилагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, чадавхжуулах тал дээр анхаардаг” хэмээн ярьсан юм.
АШУҮИС-ийн Сувилагчийн сургуулийн төгсөх дамжааны оюутнуудтай хийдэг уламжлалт уулзалтад ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяагаас гадна дэд захирал Т.Болормаа оролцож сувилагч мэргэжил эзэмшиж буй залууст амжилт хүслээ.
ЭХЭМҮТ-д ажиллах батламжаа авсан АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төгсөх дамжааны оюутан А.Долгор “Би хамгийн анхны уртын дадлагаа Нярайн эмгэг судлалын тасагт хийсэн. Энэ үед хамт олон нь маш гоё хүлээж авсан. Тиймээс ийм том хамт олны нэг хэсэг болж ажиллах надад их ирээдүйтэй санагдсан учраас тус эмнэлэгт ажиллах сонголтоо хийсэн. Анх их эмч болно гэж боддог байсан ч Сувилахуйн сургуульдаа суралцаад төгсөх явцдаа энэ мэргэжлийн үнэ цэнийг мэдэрч, цаашид ажиллах чин хүсэл сонирхолтой болсон” хэмээж байв.