Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Хөх хотын намын дарга Юнь Гуанжун болон Хөх хотын дарга Фэн Юйжэньтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээ хийлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Хөх хотын намын хорооны дарга таньтай анх удаа уулзалт хийж байна. Улаанбаатар хотын төлөөлөгчдийг хотдоо найрсаг хүлээн авсан та бүхэндээ талархлаа. Энэ удаагийн айлчлалаар хот тохижилт, хөдөө аж ахуй, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна. Ялангуяа ӨМӨЗО-ны 70 жилийн ойд зориулан Хөх хот нь ногоон байгууламжаа богино хугацаанд нэмэгдүүлсэн. Манай хоёр хот цаг агаарын хувьд ижил, тулгамдсан асуудлын тухайд ч агаарын бохирдлыг бууруулах байдаг. Тиймээс Хөх хотын ногоон байгууламжийн газартай хамтран Улаанбаатар хотын тохижилтыг хийж, Хөх хотын нэрэмжит гудамж байгуулах саналтай байна” гэж хэлжээ.
Мөн аялал жуулчлалын салбар ч чухал байр суурь эзэлж байна. Агаар болон төмөр зам, авто замын тээврийн хэрэгсэл хөгжиж, дэд бүтэцтэй болсон хоёр хот энэ салбарт илүү үр дүнтэй ажиллах бололцоотой гэж үзэж байгаагаа онцоллоо. Уулзалт, хэлэлцээний дараа дээрх төслүүдийг хоёр хот хамтран хэрэгжүүлэх гэрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хөх хотын дарга Фэн Юйжэнь нар гэрээн гарын үсэг зурлаа.
Хөх хот нь 3.1 сая хүн амтай. 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 274 тэрбум юаньд хүрсэн. Газар тариалан, мал аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүн, цэвэр эрчим хүч, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбар эдийн засагт нь голлох байр суурь эзэлдэг байна.