ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Баярмаа: Царцаа төрөлжиж биет болон виртуал хувилбар бий болсон

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-04-29

2024 оны УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан Ардчилсан намд сонгуулийн үеэр болон өмнө гарах зөрчил, луйвраас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, засаж залруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулагдаж Дэд дарга Ж.Баярмаа ахлахаар болжээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ҮБХ-ны гишүүн Ц.Баярсайхан, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун, ҮБХ-ны гишүүн Б.Болор-Эрдэнэ нар багтсан бөгөөд өнөөдөр УИХ-ын сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо хэрхэн ажиллах, сонгуулийн луйвраас хэрхэн сэргийлэх, 2020 оны УИХ-ын сонгуулиар илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлэл хийлээ

Дэд дарга Ж.Баярмаа “Манай улс УИХ-ын найман сонгууль хийсэн. Сонгууль бүрээр ямарваа нэгэн луйвар булхайтай холбоотой асуудал гарсаар ирсэн. Хар машинтай болсноос хойш ч луйвар тасраагүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2020 оны сонгуулийн дараа улс төрийн намууд нэгдэн ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг нь сонгуулийн үеэр гарсан зөрчил, гомдлыг цуглуулж дүн шинжилгээ хийн засах чиглэлээр санал боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Энэ ажлын хэсэгт тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр, ШИНЭ, ХҮН, ИЗНН зэрэг олон улс төрийн нам оролцож байсан. Энэ нь тэдгээр намууд 2020 оны УИХ-ын сонгууль булхай, луйвраар дүүрэн болсныг баталсан гэсэн үг. 

Ажлын хэсэг луйврыг ангилж, долоон төрөлд хуваасан. СЕХ-той холбоотой гарсан зөрчил хамгийн их буюу 24 хувь, сонгуулийн хууль зөрчсөн асуудал бараг 20 орчим хувийг эзэлж байсан. Нэг жишээ дурдахад, хий хаяг бүрдүүлж хүмүүст иргэний үнэмлэх олгон санал өгүүлсэн асуудал үүссэн. Хий хаяг гэдэг нь дөрвөн давхар барилга байлаа гэхэд таван давхар болгон хий хаяг тоот үүсгэж хүмүүст иргэний үнэмлэх тараасан гэсэн үг. Үүнтэй адил гудамж нэмсэн асуудал ч бий. Тухайлбал, “усны 17” гээд гудамж дуусаж байхад 18, 19 гэх хий хаяг үүсгэн хүмүүст иргэний үнэмлэх олгон санал өгүүлсэн ноцтой зөрчил гарч байсан.  

Үүнээс гадна эзэнгүй айлын хаягт 10-20 сонгогч бүртгэж санал өгүүлдэг асуудал эртнээс нутагшсан байна. Царцаа одоо төрөл зүйлтэй болсон. Биетээр нүүдэг царцаа байхад виртуал буюу цахим царцаа бий болсон. Нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчин сонгогчдыг цуглуулан дайлж цайлан элдэв бэлэг сэлт тараах асуудал өнгөрсөн сонгуулиудад тасраагүй. Харамсалтай нь, энэ бүх баримтыг цуглуулан дүн шинжилгээ хийж дүгнэлт гарган холбогдох байгууллага болох СЕХ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, ТЕГ, УПЕГ-т өгсөн боловч огт хариу ирээгүй. Автомат төхөөрөмжтэй холбоотой зөрчил мөн гарсан. Нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшсэн П.Галиндав гэж бие даагчийн овог нэр дэлгэцээс алга болсон. 2-3 цаг огт байхгүй байж байгаад тэр хүний нэр гарч ирсэн. Энэ мэтчлэн программ хангамжтай холбоотой зөрчил маш их байсан.” гэлээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Баярсайхан "Сонгууль шударга болох ёстой.  УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдахаар болсон. Сонгуулийн шинэ хуулийг олон нийтэд таниулах ажлыг төр хийх ёстой ч хийхгүй байна.  Саналын хуудас маш урт байхаар байгаа. Сонгогч саналаа өгөхөд хэрхэн яаж бөглөх талаар таниулах ёстой ч,  хийхгүй байна.

Иргэний бүртгэлтэй холбоотой маргаан маш их гарч байна. Төрд байгаа мэдээлэл үнэн байх ёстой.  Гэвч түүнийг будилаантуулж сонгууль хийдэг. Эрх барьж байгаа намд зөрчлийг илрүүлээд өгөхөөр шалгах нэрээр алга болдог. 2020 оны сонгуулийн дараа улс төрийн намуудаас ажлын хэсэг гарч ажиллаад тодорхой зөрчлийг илрүүлж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. МАХН -аас дарга нь орж ажиллачихаад МАН-тай намаа нэгтгэнгүүтээ таг болсон.

Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэргийг сонгуулийн хар PR-т ашиглаж байна. Шүүхээр эцэслэн шийдвэгдээгүй хэргээр PR хийх нь сонгогдох эрхэнд халдсан үйлдэл. Сонгууль шударга болох ёстой, гэтэл сонгуулийг иргэний дайн болгох сонирхол байна. Төрийн мөнгийг луйвардсан хүмүүс сонгуулийн луйвар хийхийг оролдож байна. Үүнийг таслан зогсоох ёстой" хэмээв.