АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун нар манай улсын нийслэлд уулзаж магадгүй гэж яригдаж байсан. Гэвч эцсийн дүндээ Сингапурыг сонгож, ирэх зургадугаар сарын 12-нд уулзахаар боллоо. Ашгүй, ашгүй, Монголд уулзаагүй нь болж.
Хэрвээ хоёр орны Ерөнхийлөгч Улаанбаатарт ирсэн бол цэвэрлэх байгууламжийнхаа үнэрийг ганц хоёр өдөр дарах гэж хамаг мөнгөө барахгүй юу. Хайран улсын төсөв. Тэгснээс нэг даргаа тав тухтай явуулах бандгар жипний мөнгийг нь ч болов өгч байсан дээр биз дээ. Чин үнэнийг хэлэхэд, манай цэвэрлэх байгууламжийн үнэр дийлдэхээ больчихсон.
Хэчнээн даргын жипний шатахууны мөнгө хэмнээд ч “анхилуун” үнэр агаарт тархахаас сэргийлэхээсээ өнгөрсөн. Нэгэн цагт цэвэрлэх байгууламжийн ойр орчинд л багахан үнэр гардаг байж билээ. Одоо харин хойшоо “Хандгайт”, зүүн тийшээ “Шар хад”, урагшаа “Зайсан, баруун руу “Эмээлт”-д “сүрчиг” ханхалдаг боллоо. Ядхад зуны дэлгэр цаг учраас хамрын нүхээр дамжаад хамаг биеэр тартал анхилахыг яана.
Ийм үед хоёр орны Ерөнхийлөгч ирээд ч манайхан үнэрийг дийлэхгүй. Бүр гай болж АНУ, Хойд Солонгосын Ерөнхийлөгчийг хууран мэхэлж, эх орондоо авчраад, химийн хороор утаж алах гэсэн хэрэгт унаж, дэлхий нийтийн өмнө шараа болох байсан биз. Азаар Трамп, Ким хоёр “үнэртэн” бага ханхалдаг, үлэмж хөгжсөн Сингапурыг сонголоо. Улаанбаатарын булайг дэлхий даяар дэлгээд яахав гэж бодоо байлгүй дээ, тэд.