Алдарт Марко Пологийн торгоны зам дагуу Монголоос Португал хүртэл 17 мянган км замыг дугуйгаар туулахаар замд гарсан Канадын аялагч Томас Гарон Да Силва монгол залууд зодуулж, хүнд гэмтжээ.
Тэрбээр химийн инженер мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд үүнийгээ тохиолдуулан дугуйгаар 20 улсыг хамарсан домогт аялал хийх зорилготой Монголд ирсэн байна. Томас дөрөвдүгээр сарын 29-нд аялалаа эхлүүлсэн. Өдөрт 130 км замыг туулах төлөвлөгөөтэй байсан ч, аялалынхаа хоёр дахь өдөр 200 км замыг туулаад байхдаа буюу Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт шөнө амарч байхдаа нутгийн иргэнд зодуулж хүнд гэмтжээ.
Улмаар сумын эмнэлэгт гурав хоног эмчлүүлж, дараа нь Улаанбаатарт ирж дахин эмчилгээ хийлгэж байгаад эмчийн зөвлөсний дагуу аялалаа зогсоон Канад руугаа буцсан байна.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ. Томас Гарон Да Силва зургаан жил дугуйгаар аялсан туршлагатай нэгэн байжээ.