Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд Улаанбаатар хотод “UBIKE” түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтэрч, үйлчилгээгээ үзүүлж эхлээд байгаа билээ. Энэ сарын 14-нөөс “UBIKE” төсөл өргөжиж, үйлчилгээ үзүүлэх дугуйн тоогоо нэмсэн юм. Энэ талаар “Никель Ганбаа” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Дашнямаас тодрууллаа.
-“UBIKE” түрээсийн дугуйн үйлчилгээ хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хэдэн байршилд, хэчнээн дугуй байршуулаад байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 17 байршилд 170 орчим дугуй байршуулаад байна.
-Түрээсийн дугуйн байршлууд хаана, хаана байрлаж байгаа вэ?
-Дугуйн зогсоол баруун дөрвөн замаас эхэлж байгаа. Тedy худалдааны төвийн баруун талд, Тавдугаар сургууль, Хүүхдийн урлан бүтээх төв, Улсын их дэлгүүр, Сүхбаатарын талбай, Жентро, UBH центр, 13 дугаар хороолол, 19-ийн жентро, Zaisan Hill зэрэг байршлуудад байрлаж байгаа.
-Дугуйгаа зогсоолд нь байршуулаагүй тохиолдолд яах вэ. Заавал зогсоолд нь байршуулах ёстой юу?
-Мэдээж заавал зогсоолд нь байршуулах ёстой. Зогсоолд нь байршуулаагүй тохиолдолд 2500 төгрөгийн торгууль төлөх юм.
-Зогсоолгүй газар тавьсан дугуйг хүмүүс унаад цааш явж байна уу. Эсвэл та хэд өөрсдөө зогсоолд нь байршуулж байгаа юу?
-Ихэнхдээ өөрсдөө л дугуйн зогсоолд аваачиж байршуулдаг.
-Дугуй түрээсийн үйлчилгээг соёлтой, боловсон хэрэглэсэн, байнгын үйлчлүүлэгчдэдээ урамшуулал олгох үйл ажиллагааг зохион байгуулсан гэсэн. Урамшууллын оноог хэрхэн авах вэ?
-Унаж явсан дугуйгаа зогсоолд байнга тавьдаг, тогтмол хэрэглэж байгаа 200 хүнд Засаг даргын тамгын газраас 50 цагийн урамшуулал өгсөн. Дугуй түрээсийн үйлчилгээнд хамрагдаж байгаа үйлчлүүлэгчид урамшуулал оноо цуглуулах боломжтой. Яаж гэхээр зогсоолгүй газар үлдээсэн дугуйг унаж зогсоолд байршуулсан тохиолдолд 2000 төгрөгийн урамшуулал авах байгаа.
-Түрээсийн үйлчилгээ хэрэгжиж эхэлснээс хойш дугуйг хулгайлах, эвдэлж, хэмхлэх, гэр рүүгээ авч явах, хаа хамаагүй газар орхих зэрэг асуудал их гарч байсан. Эдгээр асуудал гарсан хэвээрээ байгаа юу?
-Нэг хэсэг тийм юм болсон. Одоо дугуй хулгайлах нь харьцангуй багассан. GPS-тэй болохоор хулгайлсан тохиолдолд баригдаж байгаа. Хулгайлагдсан дугуйгаа олоод буцаагаад үйлчилгээндээ ашиглаж байна. “UBIKE Ulaanbaatar” аппликейшнээс дугуйнууд хаана явж байгааг харж болдог. Энэ талаар мэдээлэл багатай хүмүүс дугуй хулгайлаад байх шиг байна. Нисэх, долоон буудал руу авч яваад хашаандаа аваачаад хийчихдэг. Тэгээд баригдсан тохиолдолд цагдаа сэргийлэх болдог.
-Одоо цаг агаар хүйтэрч, хүйтний улирал эхлэх гэж байна. Тэгэхээр дугуй түрээсийн үйлчилгээ үргэлжлэх боломжтой юу?
-Хүмүүсээс л шалтгаална. Хүмүүс унаад байх юм бол байж л байна. Унахгүй бол түр завсарлана.
-Ирэх онд дугуй түрээсийн үйлчилгээ үргэлжлэх байх. Цаашид хэрхэн өргөжүүлэх вэ?
-Ирэх онд 500 дугуй шинээр хийж, 50 зогсоолд байршуулна гэж төлөвлөсөн байгаа.