ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ичдэггүй америкчууд

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-24

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Вашингтон хотноо хийж байгаа айлчлалын хамгийн их анхаарал татсан, гол ажил нь АНУ-ын Мянганы сорилын сангаас олгож байгаа 350 сая долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан явдал байлаа. Адуу 10 хүрвэл унах юм олддоггүй, хонь 20 хүрвэл идэх юм олддоггүй гэгчээр бөмбөрцгийн их гүрэн гэгдэх АНУ яачихсан хэмнэлт нь хэтэрсэн гэмээр орон бэ.

Хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болох “том” гэрээг давчуухан өрөөнд даруухан гэгч нь үзэглэж байх юм. Манай Ерөнхий сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хоёр шар давуугаар бүтээсэн жижигхэн ширээнд багталцаж ядан компакт гэрээнд гарын үсэг зурж, ёслов. Баавартай дарга нарынхаа нүнжигтэй ёслолд дассан бид үүнийг хараад гайхаж хоцорлоо. Бүр үүгээрээ Монгол Улсыг дорд үзлээ хэмээн ундууцах хүмүүс ч байна.

Дэлхийд тэргүүлэх баян, тансаг орон атал манай улсын сургуулийн захирлын өрөөний энд ч хүрэхээргүй танхимтай байх гэж. Өөрийгөө биш юм гэхэд улсынхаа нэрийг боддоггүй юм байх даа. Манайхан ядуу ч гэлээ хэдэн дарга нар маань харин хаана ч дээгүүр зиндаанаас мултрахгүй шүү. 1.5 тэрбумаар орон сууц, 200 сая төгрөгөөр LEXUS 570 авч унах бол манай дарга нарын энгийн хэрэглээ. Ажлын өрөө гэдэг даргын өөрийгөө хүндлэх байдал, нэр төрийн илэрхийлэл, нэг ёсны удирдах ажилтны нэрийн хуудас гэж манайхан ойлгодог.

Тийм ч учраас дарга солигдоход өрөө ч бүрэн шинэчлэгддэг албан бус уламжлалтай. Хуучин даргын эдэлж, хэрэглэж байсан зүйлс хэчнээн үнэтэй, ямар ч зүйл байсан хамаагүй бүгд браклагдаж, өрөөний шинэ эзэн өөрийнхөө хүсэлд нийцүүлэн цоо шинээр хамгийн тансаг, тохилог байдлаар өөрчилдөг. Манайх ядуу орон ч гэлээ дарга нар маань харин дэлхийн энтэй баян сэтгэлгээтэй, тансаг хэрэглээтэй, хаана ч явсан бидний нүүрийг улалзуулахгүй улс юм шүү. Гэтэл дэлхийд тэргүүлэх баян улс атал хуучин хивстэй, муухай өрөөтэй америкчууд ичиг ичиг. Манай улсын сумын сургуулийн захирал ч ийм энгийн жижигхэн ширээ тоож хэрэглэхгүй. АНУ-ын иргэд баян, бид ядуу байж болох ч дарга нарынхаа хэрэглээгээр бол манайх АНУ-ыг хавьтуулахгүй шүү.