ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Бид иргэдийн төлөө л төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж яваа”

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-24

Бүрэн тоноглол бүхий цагдаагийн хувцас өмссөн сэтгүүлчид Police гэсэн бичигтэй тунгалаг бамбайг ганц гараараа арай ядан өргөнө. Тас хар өнгөтэй цагдаагийн хамгаалалтын хуяг, тоноглол, дуулга нь хэлхсэн төмөр, гархин хуягтай зүйрлэхгүй хөнгөн хэдий ч бидэнд нэг гараараа даахад хүнд санагдана.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Одонт хороо” хэмээн алдаршсан дотоодын цэргийн 05 дугаар ангид  эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Эрх зүйн сургалт, өдөрлөг”-өөр нийтийг хамарсан эмх замбараагүй нөхцөл байдал үүсэн тохиолдолд цагдаа хэрхэн ажилладаг дадлага сургалтад 40 гаруй сэтгүүлч хамрагдсан юм. Үнсэн өнгөтэй тэнгэрийн доор хацар, гар хайрч ороосон жиндүү салхинд сүр жавхлантай  дэрвэх Монгол Улсын төрийн далбаа эх оронч сэтгэлийн галыг зүрхэнд бадамлуулна.

Цэргийн хашаанд аравтын зохион байгуулалтад орсон гурван аравтын 30 цагдаа эгнэн жагсжээ. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн үзүүлэнгийн дөрвөн самбар дээр цагдаагийн хэвлэл мэдээлэл олон нийттэй, харилцах албаны дарга Б.Баатархүү хуулийг задлан тайлбарлаж өгөв. Тэрбээр цагдаагийн албан хаагчид тушаалын дагуу үүрэг гүйцэтгэдэг болохыг дурдсан юм. Хацар шахаж хавчсан хүнд дуулга, мөр дарж, амьсгал боосон хамгаалалтын хантааз бүхий хөдөлгөөн хязгаарлах 10 гаруй килограммын жинтэй хувцас, бамбайгаар тоноглогдсон бидэнд цагдаагийн албан хаагчид үзүүлэх сургалт сонирхууллаа.
 

Мөр шахаж хоорондоо зай гаргалгүй хамгаалалтад зогсох аравтын завсраар исгэрэх салхи үл нэвтэрмээр. Нэг цул бие хүн шиг зэрэг хөдлөх тэд усны урсгал мэт урагш түрнэ. Цагдаа нар өмсгөл хувцсандаа түүртэхгүй шалмаг аж. Тэдэнтэй зэрэгцэн эсэргүүцлийн жагсаал тараах, үзүүлэх сургалтад оролцох үед айдас түгшүүрийн мэдрэмж бүрхээд ирэв. Командаар урагш алхаж “Хойшоо, хойшоо” хэмээн хүч түрэн зугуухан хаалт хийж байхдаа хамт үүрэг гүйцэтгэж байгаа нөхрөө анхаарах хэрэгтэй ажээ.

Уриа хашхирч лоозон барьсан энгийн иргэд хар хамгаалалтын өмсгөлийн цаана өөртэй нь адил хүний бие байгаа гэдгийг умартан улангасан дайрах үед энэ сэтгэл хөдлөлийн айдас түгшүүр дээд цэгт хүрч мэдрэгдэв. Энэ үед жинхэнэ үймээний ард юу болдгийг бодохгүй байж чадсангүй. Шахаж түлхэх, бамбай хувцас хэрэгслийн аль таарсан газраас барьж, гудчиж татах үед үүрэг гүйцэтгэж байсан нэг сэтгүүлч хөл алдан үймээн дунд газар унаж харагдлаа.

Түүний дээгүүр гишгэлж, унасан дээр нь нэмж яахаас ч буцахгүй үйлдэл үзүүлэх үймээн дэгдээгчдийн гараас нэг цагдаа сэтгүүлчийг суга татан хамгаалалтад авч арын эгнээнд шилжүүллээ. Энэ үйлдэл нүд ирмэхийн зуурт өрнөсөн юм. Бэлтгэгдсэн албан хаагчийн мэргэжлийн ур чадвар шалмаг бөгөөд гайхалтай. “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриатай цагдаагийн албан хаагчид иргэдийн талархал, хараал хоёрыг тэнцүү хүртдэг аж.

Сургалтад оролцож байсан залуу цагдаа “Баярлалаа гэж хэлэхээсээ илүү зүхэхдээ амархан шүү манай иргэд. Бид осол аюулаас урьдчилан сэргийлж өөрсдийнх нь төлөө л төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж яваа. Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан тараах үеэр ээж шиг минь хүн ирээд энгэрээс зүүгдээд заамдаад авдаг. Та болиоч гэж хэлэхээр үг сонсохгүй. Гарыг нь тавиулах гээд хүрэх төдийд үсрээд уначихдаг.

Нэгтээ тангараг өргөсөн төрийн хар хүн учир иргэдийнхээ өлмий дор л явах ёстой гэж боддог хүн олон байдаг юм шиг санагддаг. Би бас хэн нэгний хүү , эцэг, хань гэдэг талаас нь хараасай гэж хүсдэг” хэмээн өгүүлсэн нь үе үеийн олон мянган алба хаагчдын сэтгэлийн үг мэт санагдаж байсан юм. 20 минутын үзүүлэх сургуулилтад оролцохдоо мэдэхгүйн улмаас буруу ойлгож явсан олон зүйлийг ухаарсан.

Иймээс сэтгүүлч бид цагдаа хүч түрлээ. Цагдаа иргэдийн эрхэд ноцтойгоор халдлаа гэж түрүүлж мэдээлэхээсээ илүү дотогшоо гүн нэвтэрч шалтгааныг мэдээлэх үүргийг илүү ойлгосон. Сургуулилт өндөрлөж цагдаагийн хамгаалалтын өмсгөлийг тайлах үед мөрөн дээрээс бул чулуун ачаа оргүй авсан мэт санагдаж байсан юм. Тэдний өмсгөл хүнд, гүйцэтгэж буй үүрэг нь хүнд харин сэтгэл нь цагаан юм.