ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Нэргүй: Тэтгэмж авдаг банкиндаа хүсэлт гаргаснаар дугаарлах шаардлагагүй болно

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-25

Жирэмсэн эх сар бүр тэтгэмж авах эрхтэй байдаг. Энэхүү тэтгэмжийг авахын тулд дэвтэр байхгүйгээс болж банкинд олон цагаар дугаарлаж зогсох асуудал гардаг байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Нэргүйгээс тодрууллаа. 

-Жирэмсэн эхэд ямар тэтгэмж олгодог вэ. Тэтгэмжийг хэзээнээс эхлэн олгодог вэ? 
-Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль журамд зааснаар жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.

-Уг тэтгэмжийг авахын тулд дэвтэр нээлгэдэг гэсэн. Хэрвээ энэ дэвтрийг дүүрэг, хорооноос нь өгөөгүй тохиолдолд яах вэ. Энэхүү дэвтрийг хаанаас авах ёстой вэ? 
-Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд заасан эрх нь үүссэн Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргахдаа бүрдүүлэх ёстой бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Сум, хорооны нийгмийн ажилтан нь иргэний баримт бичгийг хянан үзэж, ажлын таван хоногт багтаан тэтгэмж авах эсэх талаар хариу мэдэг­дэх бөгөөд тэтгэмжид хам­раг­дах эрх үүссэн нөхцөлд хувийн хэрэг нээж, мэдээллийг Нийг­мийн халамжийн мэдээл­лийн нэгдсэн сан (WAIS)-д бүрт­гэдэг. Тэтгэмж олголтын байдлыг Нийгмийн халамжийн мэдээл­лийн нэгдсэн сангаас шууд хянах боломжтой тул тэтгэм­жийн дэвтэр нээхгүй бай­хаар хууль, журмаар зохицуул­сан.

-Ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?  
-Өргөдөл бичиж өгөх ёстой. Үүнээс гадна, нэг хувь цээж зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, баг болон хорооны Засаг даргын тодорхойлолт, жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэх шаардлагатай юм. 

-Хороо, дүүрэг нь дэвтэр өгөөгүй болохоор банкинд дугаарлаж зогсохоос өөр аргагүй болсон хэмээн нэгэн эмэгтэй ярьж байсан юм. Энэхүү асуудалд хэн, хэрхэн хяналт тавьдаг вэ? 
-Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд олгогдож байгаа жирэмсэн эхийн тэтгэмжийг сар бүрийн 20-ны өдрөөс хойш иргэн өөрийн биеэр гэрээт банкнаас очиж авна. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага арилжааны банк хооронд байгуулсан гэрээгээр тэтгэмжид хамрагдагсдад нийтээр нэрийн данс нээхгүй. Тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд тэтгэмжийг тухайн банк дахь нэрийн дансанд холбох зохицуулалт хийсэн. Иймд иргэн тэтгэмж авдаг банкиндаа хүсэлт гаргаж энэ асуудлаа шийдвэрлүүлснээр банкинд дугаарлах шаард­лага­гүй, шууд данснаасаа тэтгэмжийн мөнгө орсноо хянах боломжтой 
болох юм. 

-Төрснийхөө дараа гэртээ хүүхдээ харж байгаа эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ? 
-Журамд зааснаар тэтгэм­жийг хүсэлт гаргасан сараас эхлэн олгоно. Мөн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд хандана. Тодруулбал, нэг хувь цээж зураг, өргөдөл, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт хэрэгтэй. Үүнээс гадна, хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. 

-Хүүхдээ гурван нас хүрэхээс нь өмнө дахин жирэмсэн болсон тохиолдолд ямар тэтгэмж авах вэ. “Цалинтай ээж” хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах боломжтой юу?  
-Хүүхэд асарсны тэтгэмж авч байх хугацаандаа эх нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрх үүсвэл түүнд уг тэтгэмжийг давхар олгоно.